“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг нээлтээ хийнэ

Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ онд Оросын нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг театрын таван найруулагч найруулан тавьж, үзэгчдийн хүртээл болгож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс эхлэн “Солиотой жүжиг”, дөрөвдүгээр сарын 7-нд “Яаж амьдрах юм бэ”, өчигдөр “Хунгийн дуу” зэрэг жүжгүүд нээлтээ хийгээд байгаа билээ. Тэгвэл энэ сарын 21-нд найруулагч Н.Наранбаатарын найруулгаас “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн  нээлт  болох гэж байна. Тус жүжигт жүжигчин У.Уранчимэг, С.Болд-Эрдэнэ, Т.Хулан, Б.Тамир нар тоглож байгаа аж. “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигт нөхөр эхнэр хоёр өөрсдийн хоёр найзаа (эрэгтэй болон эмэгтэйг) үдэшлэгт урьдаг. Энэ дөрөв хоорондоо тийм ч сайн харьцаатай биш. Энэ дөрвөн хүнийг хайр дурлал, урвалт, гэр бүл харилцааны тухай өгүүлэн жүжгийн зохиолыг бичиж эхлэхээсээ өмнө зохиогч маань гэр бүлийн социологийн талаарх судалгааг их үзэж судалгаа хийсэн байна. Тэгтэл аз жаргалтай гэр бүлүүд тун цөөхөн байдаг аж, Харин салалт хэтэрхий их байдаг нь илэрчээ. Эхнэр нөхөр хоёр дараагийн гэрлэлтээс аз жаргалыг олох гээд салдаг, Гэхдээ давтан гэрлэлт нь эхний гэрлэлтээс бүүр ч амжилтгүй байдгийг харуулж байгаа юм. Хоорондоо тэмцэлдэж байгаа эхнэр нөхөр хоёрт салах нь байдлаас гарах сайхан гарц мэт санагддаг. Гэвч салалт болон түүнтэй холбоотой ганцаардал нь аз жаргалыг авчирдаггүй, салсан хүмүүст өөрийн гэсэн асуудлууд байдаг нь илэрсэн байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж