Улсад 25 жил ажилласан эмч 230 мянган төгрөгийн цалинтай

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Улсад 25 жил ажилласан эмч 230 мянган төгрөгийн цалинтай

Oдоогоос хоёр жилийн өмнө эмч нар цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавьж байсан ч эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалин хөлсийг огт нэмээгүй юм байна.  Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөнөөс эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ахуй, амьдрал доройтож өрийн сүлжээ үүсч, сэтгэл санааны хүнд дарамтан дунд ажиллаж байна хэмээн эмнэлэгийн  ажилтнууд хэлж байна. 2009 оны 10 сараас хойш эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхээр олон удаа санал, шаардлага хүргүүлж тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээр бэлтгэж байсан боловч дэлхий нийтийг түгшээсэн томуугийн А хүрээний  H1N1 вирусын халдвартай тэмцэж, цалингийн асуудлыг хойш тавьсан байна. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Эрүүл мэндийн сайд С. Ламбаад  энэ сарын 8-нд 10 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагад эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг  Засгийн газар, Улсын их хуралд оруулж дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх, төлбөртэй тусламж үйлчилгээнээс олсон орлогын 60-аас доошгүй хувийг төсвийн ерөнхийлөн захирагч нар захиран зарцуулах гэх мэт 10 зүйл бүхий шаардлага багтсан байна. Тус шаардлагийн хариуг энэ сарын 16-нд авах бөгөөд шийдвэрлээгүй тохиолдолд  эмч, эмнэлгийн ажилтнууд тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож,  тууштай тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ. Эрүүл мэндийн салбарт нийт 24 мянган хүн ажиллаж байгаагаас долоон мянган эмч, 18 мянган сувилагч, бусад нь  тогооч,  үйлчлэгч, жолооч нягтлан, нярав, сантехникч зэрэг ажилтнууд юм байна. Эмч нар тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг бол харин тогооч, үйлчлэгч, зэрэг туслах ажилчид энэ тэтгэмжийг авч чаддаггүй юм байна. Эмнэлгийн тогооч гэхэд бусад цэцэрлэг юм уу, сургуулийн тогооч нараас ажлын ачаалал хэд дахин илүү байдаг байна. Учир нь өвчтөн бүрийн өвчний онцлогт  тааруулж хоол хийх шаардлагатай. Гэтэл эдгээр ажлыг хийдэг хүмүүс энэ ажлаа 20-30  жил хийсэн ч тэтгэвэрт гарахдаа 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй, мөн сарын цалин нь 109,126 төгрөг байдаг аж. Эмнэлгийн үйлчлэгч, асрагч, эмнэлэгийн хамгийн бохир бүхэнтэй зууралдаж, эмнэлгээ цэвэр цэмцгэр байлгахын тулд долоох шахам цэвэрлэдэг хүмүүс цалин нь бас л 109,126 төгрөг.  Харин сувилагч сардаа 181,470 -212,926 төгрөгний цалин авдаг байна.Эмнэлэгийн ажилтнууд  янз бүрийн халдвартай , халдваргүй олон өвчтөнтэй харьцдаг учир халдвар авах магалдал өндөртэй байдаг байна.  Эмнэлгийн байгууллагыг  гурван шатлалд хуваадаг байна. Нэгдүгээр шатлалын эмнэлэгт сум, өрхийн  эмнэлгийн ажилтнууд, хоёрдугаар шатлалд  аймаг, дүүргийн эмнэлэг ордог бол  гуравдугаар шатлалын эмнэлэгт яамны харъяа I, III, халдварт, хавдарын эмнэлгүүд ордог байна. Эдгээр гурван шатлалын эмнэлгийн ажилтнуудын цалин ямар байдгийг сонирхлоо.
  Шинээр сургууль төгссөн эмч өрхийн эмнэлэгт заавал ажиллана. Өрхийн эмчийн сарын цалин 200000 төгрөг. Хэвийн бус нөхцлийн нэмэгдэл гэж 2000-7000 төгрөгийн нэмэгдэл авдаг байна. Гэхдээ энэ нэмэгдлийг  кесоров хагалгаа хийсэн төрөхийн эмч, сүрьеэгийн эмч ,сувилагч, халдварт, мэс заслын эмч нар авдаг байна. Мөн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй эмч нарт цалингийн 10-15 хувийг нэмж олгодог бөгөөд зэргийн шалгалтыг жилд нэг удаа авдаг ч тэнцдэг хүн ховор ажээ. Хүний эрүүл мэнд хамгаас чухал байтал  энэ салбартаа анхаарал хандуулахгүй байгаа нь харамсалтай. Ахлах сувилагч, эх баригч нар 208,691-244,865  авдаг бол аймаг болон дүүрэг, эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч нар 229,560-269,351, төгрөгийн цалинтай юм байна. Сонгинохайрхан дүүр­гийн эрүүл мэндийн нэгдлийн нөхөн сэргээх эмнэлэгийн эмч Д. Эрдэнэбилэг улсад 25 ажиллаж байгаа бөгөөд сарын цалин нь 200-230 мянган төгрөг. Нөхөн сэргээх эмнэлэгийн эмч нарт хүнд, хортой нөхцлийн нэмэгдэл гэж 4000 төгрөг олгох ёстой ч энэ мөнгийг сар бүр өгдөггүй хэмээн ярьж байлаа.  
Эрүүл мэндийн салбар ямар ч тодорхой  бодлого чиглэлгүй, эмх замбараагүй байгааг эмч, ажилчид нь хэлж байна. Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт  41 хүн  хамрагджээ.байрны зээлд хамрагдах хүмүүс  500-600 мянган төгрөгний цалинтай  байх шаардлагатай. Гэтэл үүнтэй дүйцэхүйц  цалинтай хүн энэ салбарт байхгүй аж. Дээр  нь эмнэлгийн ажилтнуудын 80 хувь эмэгтэйчүүд бөгөөд дийлэнх нь гэр бүлгүй, өрх толгойлсон нэгээс хоёр хүүхэдтэй гэнэ. Цаг наргүй ажилладаг нь хувийн амьдралд ч бас сөргөөр нөлөөлдөг аж.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж