
Мөн энэ үеэр Испанийн Рафаэль Надаль 6-1; 6-0 харьцаатай Голландын Тьемо де Баккерийг төвөггүй буулган авч, Монте-Карлогийн тэмцээнээс дараалсан 28 дахь ялалтаа авсан байна. Надаль 2003 оны Монте Карлогийн тэмцээний гуравдугаар тойрогт Аргентиний теннисчин Гуиллермо Корияд ялагдсанаас хойш тус тэмцээнд дахин нэг ч удаа ялагдал хүлээгээгүй бөгөөд сүүлийн таван жил дараалан түрүү авсан юм.
Тэмцээний чансааны жагсаалтыг тэргүүлэн өрсөлдөж буй Сербийн Новак Жокович мөн өчигдөр нээлтийн тоглолтоо хийж, Францын Флоран Серраг 6-2; 6-3-аар хожжээ. Тэрбээр дараагийн тойрогт Швейцарийн Станислас Вавринкатай тоглох юм. Түүнчлэн Испанийн Дэвид Феррер Казахстаны тамирчин Анрдей Голубевтэй тоглож, 6-3; 6-2-оор өрсөлдөгчөө хожсон бол Феррерийн нутаг нэгт тамирчин Томми Робредо 6-4; 6-3 харьцаатай Сербийн Виктор Тройкийг буулган авснаар дараагийн шатанд шалгарчээ.
2.2 сая еврогийн шагналын сантай “Monte Carlo Rolex Masters” тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө.
С.Цэлмэг