Инфляци цогих магадлал өндөр банйа

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Инфляци цогих магадлал өндөр банйа

Монголбанк энэ онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусган УИХ-аар батлуулсан. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын хүрээнд ийм зорилт тавьсан гэсэн үг. Гэвч энэ зорилгоо биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна. Оны эцэст эдийн засгийн өсөлт 4.1-8.3 хувь байх төлөвтэй ч, жилийн инфляци 6.2-11.9 хувьд хүрч болзошгүйг Монголбанкны таамаглалд дурьджээ. Тиймээс инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүйн тулд богино хугацаанд мөнгөний огцом тэлэх бодлого явуулахаас зайлсхийж байгаа аж.

Ноднин хямралын нөлөө хүчтэй мэдрэгдэж эхлэхэд төв банк бодлогын хүүгээ 9.5-14 хувь болтол өсгөн байж 34 хувийн инфляцийг бууруулж байсан удаатай. Энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг балбах хатуу нударга боллоо гэсэн шүүмжлэлд өртсөн ч инфляцийг бууруулж чадсан гавьяатай нь үнэн. Тэгээд ч үр дүнд хүрсний дараа эргээд 10 хувь болгон бууруулсан. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд жилийн инфляци 0.6 хувь болж буурч байв. Энэхүү бууралт нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч, харьцангуй тогтворжсон болон өрхийн хэрэглээ нэмэгдэхгүй байгаатай холбоотой хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. Харин энэ оны эхнээс бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нэмэгдсэн, махны үнэ өссөн зэргээс шалтгаалан нэгдүгээр сард инфляци 2.3 хувьтай гарсан. “Хүний хөгжил” сангаас иргэдэд бэлэн мөнгө олгох шийдвэр гарч, цагаан сарын өмнөхөн 91 тэрбум төгрөг зах зээлд нийлүүлсэн. Маргаашнаас энэ ажил үргэлжилнэ. Тэгвэл энэ нь нийгэмд орлогын хүлээлт үүсгэж, улмаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлснийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлж байна.
Хэрэглээний сагсан дахь 287 нэр төрлийн бараа үйлчилгээнээс мах, шатахуун, цахилгаан дулааны үнэ өсөхөд л бусад бүтээгдэхүүний үнийг автоматаар өсгөчихдөг эрсдэлтэй. Энэ оны нэгдүгээр сарын 15-аас аж ахуйн нэгжийн хэрэглэх цахилгаан, дулааны үнийг 14-17 хувиар нэмсэн. Үүнээс үүдэн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн урсгал зардал өсч улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмж байгаа нь ч ойлгомжтой. Ирэх зургадугаар сарын 1-нээс айл өрхийн хэрэглэх цахилгаан, дулааны үнэ ч нэмэгдэх нь тодорхой болчихоод байгаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргадаг “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын үзүүлэлт”-ээр энэ оны эхний улиралд хэрэглээний үнийн улсын индекс өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн дүн гарсан. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт 621.9 тэрбум төгрөг буюу 26.4 хувиар нэмэгдсэн байгаа. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын инфляцийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.3 хувиар өссөнийг тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлж байсан. Дэлхийн банкнаас гаргасан тоймд ч оны эхний хоёр сарын байдлаар инфляци 8.7 хувиар өссөнийг тэмдэглээд, шалтгааныг нь мөн л малын хорогдол, бэлэн мөнгө тараасантай холбон тайлбарлажээ. Тиймээс хэрэглээний үнэ буурах, худалдан авах чадвар нэмэгдэх тухай ойлголт ойрын үед харагдахгүй байна. Ам хатуутай морь шиг авч шуугих гээд байгаа инфляцийг хазаарлан тогтооно гэдэг амаргүй даваа болжээ.
Инфляци нэг оронтой тоонд багтаж байвал мөлхөө, хоёр оронтой бол цогио, гурав болон түүнээс дээш оронтой тоонд хүрвэл гипер хэмээн тодорхойлдог. Манай улсад инфляцийн хамгийн өндөр түвшин нь зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэх үед буюу 1992 онд 325.5 хувьд хүрч байсан түүхтэй. Харин хамгийн багадаа 2002 онд 1.6 хувь болж байсан юм. Өдгөө Монголбанкнаас инфляцийн түвшний хамгийн сүүлийн үеийн судалгааны дүнг албан ёсоор гаргаагүй байгаа. Гэвч хязгаарлах дээд түвшиндээ буюу найман хувьд нэгэнт хүрчихжээ. Ямар ч байсан инфляци мөлхөж байдаг хөг өнгөрч шуурхайхан шогшиж байгаа нь дээрх тоо, баримтуудаас харагдаж байна. Тиймээс нэг л мэдэхэд цогиод эхэлбэл гайхах хэрэггүй бололтой.

Ч.Дашдэлэг.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж