Польш
Польшийн сүлдэн дэх цагаан бүргэд II Пшемысль хааныг эрх барьж байсан 1295 онд гарч иржээ. Өнгөрсөн долоон зууны хугацаанд тэр нэг их хувирал үзсэнгүй. Бүргэдийг дайны- Беллана, энхийн-Пакс, шудрага ёсны Юстици зэрэг сахиусан тэнгэрүүд түшиж байсан цаг бий. Хаад солигдох тутам бүргэдийн чимэг нь өөрчлөгдөж байлаа. Заримдаа тэр алтан гинжтэй, заримдаа хааны нэрний эхний үсэгтэй болж байжээ. Польшийг хаваагдмал байсан үед түүний туганд зэр зэвсгийн дүрс гарч ирэв. Харин дахин сэргэсэн Польшийн сүлд нь 1919 онд улаан бамбай дээр зөвхөн титэмтэй илүү дутуу гоёлгүй цагаан бүргэд болов. Засгийн эрх авсан коммунистууд бүргэдийн титэмийг авч хаясан боловч тэр нь хуучин байрандаа ерээд онд иргэж ирсэн байна.
Польшууд яагаад бүргэдийг сонгосон бэ? XII зууны дунд үе хүртэл сүлд бий болж байх цагт арслан, бүргэд хоёр л их бишрэгддэг байжээ. Германаас зүүн Польш урагшаа Адриатийн тэнгис хүртэл Европ бүхэлдээ л бүргэдтэй сүлдээр бүрхэгдсэн байв. Сүлдийн амьтанг Перс, Месопотамийн дулаан хязгаарт алхалж явсан загалмайтнууд олж авчирчээ. Тэд хадны зураг, чулуун сийлбэрээс хоёр толгойтой бүргэд бас алсланг олж харсан гэнэ. Бүргэдийг Хар далай орчимын скифүүд шүтдэг байлаа. Византийн дараа бүргэдийг сүлдэндээ сербүүд авсан байна. 1497 онд оросууд бас бүргэдийг сонгов. Польшийг олон удаа хуваахад хүчирхэг хөрш орнууд нь бүргэдийн дүрсэнд хориг тавьж байв. Гэхдээ нутгийнхан түүнийг мартаагүй юм. Урчууд түүнийг модоор сийлч уран үйлчид оёж хатгаж байв. Бүргэд товч, цагийг чимэн эх оронч үзлийн бэлэгдэл болж байв. Олон оронд сүлдийг дээрээс хийж өгдөг байсан бол Польшийн хувьд өөр, сүлдийн бэлэгдэл доороос эх оронч үзлийн илэрхийлэл болон гарч иржээ. Польшийн сүлд дууны хөгжмийн зохиолч тодорхойгүй ба энэ мазуркийг ардын гэдэг. Тадеуш Костюшкогийн бослого дарагдсны дараа олон тооны эх орончид Францад дүрвэсэн юм. Тэднээс генерал Ян Херникээр удирдуулсан Польшийн легионыг зохион байгуулжээ. 1797 онд Италийн Реггио, Ломбардийд байрлаж байсан легионд 7 мянган цэрэг байлаа. Нэгэн удаа тэдэн дээр Польшийн дүрвэгчдийн нэртэй зүтгэлтэн Юзеф Выбицкий шалгалтаар иржээ. Тэнд үзэж харсан нь түүнд их сэтгэгдэл төрүүлсэн учир тэр ганц суултаар “Итали дахь польшийн легионуудын дуу” бичжээ. Энэ дуу нь “Бидний амьд байхад Польш үхээгүй л байна” гэсэн үгээр хэлдэг. Энэ дуу тэр даруй алдартай болж, түүнийг зөвхөн цэргүүд ч биш ард түмнийх болсон байна. Сүүлдээ үхээгүй гэдэг үг нь арай зөвөөр “не згинела” /сөнөөгүй/ гэсэн үгээр солигдов. Дууг “Домборовскийн мазурка” гэж нэрлэх болов. Түүний орон нутгийн тухайлбал, силезийн, кашубын гэх хувилбарууд гарч мрсэн байна. 1835 онд үүнийг дууриасан “Йош Хрватска не пропала” /Хорват өшөө мөхөөгүй/ гэсэн Хорватын сүлд дуу бий болов. Таван жилийн дараа лужын сербүүд, 1876 онд украинчууд “Ще не вмерла Украина” гэдэг иймэрхүү сүлд дуугаа дуулж эхэлжээ.
Энэ нэртэй дуу албан ёсоор тарийн дуулал болсон нь 1926 он. Сонирхолтой нь Польшийн коммунист эрх баригчид “хөрөнгөтнүүдийн” баталсан энэ дууг засварлаагүй юм.
Итали
Казакууд италийн төрийн дуулалд орсон нь
Генуя хот итальчуудын өмнө дөрвөн том гавъяатай. Кристорф Колумб, спагеттийн амтлагч “песто алла женовезе”, хэл зүйн дүрмэнд хамаарахгүй гэнузийн хэл яриа болон төрийн сүлд дуу. Лигурийн тэнгист түрэн орсон Аппеннины уулын салбар нутагт орших энэ хотод италийн хамгийн эх оронч дуу төржээ. Дууг 1847 онд хорин настай оюутан Гоффредо Мамели, хорин естөй дуучин Микеле Новаро нар зохиосон юм. Тэд хоюула гарибальдийн талынхан. Гоффредо Мамели Ромын хамба нарын дайсан, I Интернационал болон Парисын коммуны талыг баригч эх оронч Жузеппе Гарибальдийн хамгийн дотны хамтран зүтгэгчдийн нэг бөгөөд тэр гарибальдийнхан Бүгд найрамдах улсыг тунхаглагдсан Ром хотыг хамгаалах 1849 оны 2-р сарын 9-ний тулалдаанд оролцон шархдаж хөлөө тайруулсан боловч энэ нь түүнийг аварсангүй. Харин Микеле Новаро 67 хүртлээ насалсан юм. Үзэл бодлоороо либерал тэрбээр олон арван эх оронч дуу зохиосон байна. Үүнээс ашиг хонжоо хөөсөнгүй, тэр үгээгүй ядуу болон нас барсан аж.
Залуус нэгэн удаа цуглараад Италийн өнцөг булан бүрийн эх оронч дууг дуулж байлаа. Гэнуягийн зураач Улиссе Бордзино дуучинд хандан нэг шүлэг өгч “үүнийг чамд Гоффредо дамжуулсан юм” гэв. Микеле шүлгийг уншингууд “энэ гайхамшигтай” гэж хэлээд хөгжимд ая хийж эхлэв.
Нэлээн энгийн шүлэг, хэмнэл сайтай ая энэ дууг ард түмний дуртай дуу болгов.
Дууны үг эртний дүр зураглалаас эхлэн Италийн өмнөх түүхийн баатарлаг үеийг хамарсан байна. Тэнд жанжины дуулгын тухай үг ч байгаа. Таван бадаг бүр нь …Бид амиа өгөхөд бэлэн. Итали дуудаж байна гэсэн түрлэгтэй. Дуунд гэнэтхэг оросын сэдэв орж ирдэг. “ Польшийн цусыг, Италийн цусыг Австрийн бүргэд казакуудтай хамт уусан” гэх утгатай үгээр хаант Орос, тэр үеийн Италичуудын дайсан Австри-Унгарын холбоотой хамтран Польшийг хуваахад орлцсныг дурьдсан байдаг.
19-р зууны дундуур төрсөн энэ дуу 1946 оны 10-р сарын 12-нд Итали улсын албан ёсны төрийн дуулал болжээ. Дууны үг, хөгжим хоёр нь огт өөрчлөгдөөгүй үлдсэн юм.
Их Британи
ҮҮСЭЛ НЬ АМАН ЗОХИОЛООС
Нэгдсэн вант улсын төрийн дууг хэн зохиосныг асуувал англичууд танд шууд хэлээд өгч чадахгүй.
Далай тэнгисын эзэн байж, дэлхийн бараг хагасыг эзэлэхдээ Англи “Бурхан минь, хааныг минь хадагла” гэсэн олон удаа хуулбарлагдсан дууг хэн зохиосныг мэдэхгүй явсаар хийсэн юм. Түүгээр ч барахгүй албан ёсоор бараг төрийн дуулалгүй гэхэд ч нэг их хилсдэхгүй. Хэдийгээр британы 1800 онд “Бурхан минь, хааныг минь хадагла” дууг албан ёсны сүлд дуу болгон хэрэглж болно гэж зөвшөөрсөн боловч энэ дууны үг аяыг батлаагүй юм. Дуу 1745 оны есдүгээр сард Британы хаан ширээнд горилогч Чарльз Стюартын цэргүүд Эдинбургийн ойролцоо хамжлагат олондоо нэр хүндээр тааруу II Генрих хааны армийг бут цохисон үед гарч иржээ. Энэ мэдээ Лондонд хүрэхэд олон нийтийг хамаарсан баяр хөөр болсон гэнэ. Тэнд Хааны театрын дууны багш Друри Лейн улам ч баяр хөөрд автан шүлгийн зохиолч нь мартагдсан үгэнд ая хийн нэгэн орой төрийн дуулал гэх энэ дууг дуулсан байна. Эх оронч энэ дуу түмэн олонд ч таалагдсан байна. Үгийг санахад нэг их хэцүү биш.
“Бурхан минь, хааныг минь хадгала!
Бидний сурвалжит хаан мандтугай!
Бурхан, хааныг минь хадгала!
Хаанты маань ялгуусан аз жаргалтай, алдарт хаанчлал үргэлжилгэ,
Бурхан минь, хаантныг минь хадгала!” гэсэн утгатай.
Английн хаан ширээнд хатан хаан суухад энэ дууны King гэсэн үгийг Queen гэснээр сольж дуулдаг. Албан ёсны арга хэмжээнд дууны эхний бадгийг дуулах ба ер нь энэ дуу хоёр бадагтай.
Британчууд энэ дуунд нугасгүй болсон нь европын олон орны атаархлыг хүргэж энэ дууг олон газар хуулбарлан хэрэглэх болжээ. Зарим эрх баригчид ая, үгийг тэр чигт нь авсан юм. Британы төрийн тугийн түүх ийм. Тэр 17-р зуунд гарч ирсэн байна. Шотландын Эдвард тавдугаар Британы хаан ширээнд суун Британы Эдвард нэгдүгээр болохдоо Британы хувилгаан Георгийн тугийг Шотландын цагаан налуутай нэгтгэсэн байна. Мөн 1800 онд Британы бүтэцэнд Ирланд ороход Ирландын ивээгч ариун Патрикийн налуу улаан загалмайг дээр нь бас оруулжээ. Гэхдээ ариун Патрикийг сүм хийд нь бурханы төлөө зовон тарчлагч гэж үзээгүй учир загалмайг хэрэглэж болдог талын нэг зөрөөн гарсан юм. Дээр бичигдсэн улаан загалмай нь тэр үеийн Ирландын хамгийн хүчирхэг Фитцжеральдынханы сүлд байсныг Британы туганд авсан байна.
Британы туг хожуу “Юнион Жек” /Жекын холбоо/ гэж нэрлэгдэх болжээ. Жек гэдэг нь энэ тохиолдолд нэр биш далайчдын хэллэг үг. Тэр нь гюйс гэгддэг хөлөг онгоцнй бушприт багана дахь жижиг бэлэгдлийн нэр юм. Британууд далай тэнгисийг эзэмдэж байсны хувьд далайчдийн хэллэгт ер нь дуртай.
ОЛОН ЗҮЙЛ БОДДОГ БОЛОВЧ СЭТГЭЛ АЛДРАХ НЬ АДИЛХАН
Канадууд өөрийн ерөнхий сайд нарын нэг Маккензи Кингийн хэлсэн “Бидэнд дэндүү их газар зүй, дэндүү бага түүх байдаг” гэсэн үгэнд дуртай. Үнэндээ тэнд асар өргөн уудам нутаг байгаа. Канадын нэг хүнд 30 гектар нутаг оногддог гээд бодооч.
Канад хүрэх замдаа, Ариун Лаврентийн гол, буланг нээсэн хүн нь францын далайчин Жак Картье юм. 1535 онд тэр голоор өгч тэр хавийн газрыг Францын титэмийн харъяат нутаг хэмээн зарлаж, түүнийг Канад гэж нэрлэжээ. Канад гэсэн үг нь нутгийн индиан омог ирокезийн хэлээр “тосгон” гэсэн үг юм. 1663 онд Канад нь Францын албан ёсны колони болжээ. Тиймээс Канадын орчин үеийн сүлдэнд гурван сараана /лилии/ байдаг. Канад улсад Францтай зэрэгцэн Английн колони үүсч байв. 1867 онд Канад Британы болсон байна. Хоёр үндэстний зан ааш нь төрийн дуулалд тод гарсан. “Канад минь” гэсэн дууны англи үг үсэг нь франц хэлэнд нь огт өөр. Английн хувилбарт Канадын тухай “ Зүүн, баруун далай, хойт хязгаар хүртэл” гэж байдаг бол энэ өгүүлбэр франц хувилбард “далайгаас далай хүртэл” гэсэн байх жишээтэй. Мөн франц үгэнд “асар том гол” гэсэн үг байгаа нь Канадыг анх нээсэн Лаврентия голыг хэлсэн хэрэг. Төрийн дуулалыг дуулахад францын канад ба английн канад нь өөр өөрсдийнхээр бодох боловч хоёр хэлтэй энэ орноо бүгд адилхан хайрладаг.