Төр банкууд руу сарвайж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Төр банкууд руу сарвайж байна

“Арилжааны банкууд сайн ажиллаж чадахгүй бол төр мэдэлдээ авах л болно” гэж хэлсэн үгэндээ Монголбанкны Ерөнхийлөгч хүрэхээр чармайж буй бололтой. Тэрбээр өнгөрсөн 2009 онд Эдийн засгийн форум дээр ингэж гадаад, дотоодын олны өмнө индэр дээрээс шууд заналхийлж олныг гайхашруулж байсан юм. Зах зээлийн чөлөөт нийгэмтэй гэдэг Монголд төв банкны ерөнхийлөгч нь ингэж хэлэхийг заналхийлэл гэж хэлж болно. Хойноос нь бас манай гурван ч банкны үйл ажиллагаа найдвар муутай байна гэж хэлсэн нь тухайн үедээ л аль банк дампуурах гэж байгаа юм болоо гэж баахан айдас, цуу яриа дэгдээхийн эхлэл болж байв. Үүнд тухайн үедээ эдийн засгийн хямрал гээд хаа хаанаа л байдал хэцүү байхад төв банкны ерөнхийлөгч ингэж хэлж, хүмүүсийн айлгалаа. Энэ сургаар нь харилцагчид сандарч мөнгөө татаад эхлэх юм бол юу болох билээ гэж цочирдож байсан юм. Үүнийг эс тооцоод ердөө л дээрх банкуудыг нийгэмчилнэ гэсэн утгатай үгийг сонсоход л айдас хургаж, хүмүүс үймэлдэхээр байв даа. Үүнийг нь сонссон олон ч хүн дараагийн ээлжинд дампуурах банкийг олж мууг нь дуудах гэж эрэлд хатаж шуугиан дэгдээж байсан.
 Өөр улсад бол төв банкны ерөнхийлөгч нь ингэж хэлэхэд банкны салбарт хөрөнгө оруулахыг хүсч байсан хэн нэгэн сүүлээ хавчаад зугтахаас өөр аргагүй болно шүү дээ. Харин банкны туршлага муутай, хээ шаагүйхэн яриатай, урьд нь улстөрч байсан эрхэм ийн хэлэхэд хэл хальтраад хатуудуулчихав уу гэсэн таамаг төрж байсан. Гэвч түүнээс хойш эрхэм ерөнхийлөгч хоёр ч банкны толгойг залгачихаад байгааг бид харлаа. Монгол шуудан, Хадгаламж хоёр банктай нэгдэнэ гэж байсан Зоос банкийг шууд л татан буулгаж төрийн гээд зарлачихсан.
Анод банкийг татан буулгах уу, төрийн банк болгох уу, дампууруулах уу гэдгийг албан ёсоор зарлаагүй байгаа ч ер нь хойтхийг нь уншчихсан гэсэн үг. Мэргэжлийн хүмүүс албан ёсоор ямар нэгэн шийд гаргаагүй байгаа гэж байсан ч саяхан ноён Ерөнхийлөгч Монголд 15 арилжааны банк байгаа гэж мэдэгджээ. Анодыг аль хэдийнэ байхгүйгийн тоонд оруулчихсан гэсэн үг. Ер нь л Монголбанкны ерөнхийлөгчийн үгнээс жижигхэн Монголд хэтэрхий олон банк байна гэсэн үг үе үе цухасхийгээд байдаг. Энэ нь дээр хэлсэн банкуудыг төр нийгэмчлэх л болно гэсэн үгний урьдач бэлтгэл болов уу.
Гэтэд эдүгээ дахиад төв банк арилжааны банкууд руу дайрна гэсэн болгоомжлол төрөхөөр мэдээлэл нисч эхэлсэн байна. Үнэн худал нь одоогоор тодорхойгүй байгаа ч арилжааны банкуудыг арчихын тулд банкны дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлага тавих гэж байна аа гэсэн мэдээлэл сонсогдож байна. Дүрмийн санг нэмэх хугацааг нарийвчлан заагаад энэ хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлж чадаагүй банкуудыг арчиж хаяна гэсэн бодлого барьж байгаа юм байх, Монголбанк. Энэ нь цаагуураа Монголбанкны бодлого ч бус гадны гэх зөвлөхүүдийн мэргэн санаа. Гадаадын зөвлөхүүдийн гэсэн нэрээр арилжааны банкуудыг цөөлөх гэсэн санаа гэж зарим нэг нь томьёолж байна. Дээрээс нь бас банкуудад шалгалт хийж байгаа эксперт ажиллаж байгаа гэж албан ёсоор мэдээлэл гарч байсан болохоор төрийн мэдэлд авахын тулд ингэж бэлтгэл хангаж, шалгалт хийж, “но” хайж байжээ гэсэн хардлага давхар төрж эхлээд байгаа бололтой.
А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж