
Ерөнхий сайд С.Батболд Хятадын Төрийн зөвлөлийн даргатай хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтуудыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэрийг байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төслүүдэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, хэлэлцсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажлаа уялдуулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохирчээ. Төрийн зөвлөлийн даргатай хийсэн уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар оролцсон байна.
Б.ЗАЯА