Английн шигшээ багийнхан тусгай майханд

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Английн шигшээ багийнхан тусгай майханд

Удахгүй эхлэх FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 шилдэг багийн тоонд багтсан Английн шигшээ багийн зарим тоглогчид дэлхийн аваргын тэмцээн эхлэх хүртэл тусгай майханд унтаж байгаа гэнэ. Фабио Капеллогийн удирдаж буй Английн шигшээ багийнхан тусгайлан зохион бүтээсэн майхныг гэртээ байрлуулж, тэндээ унтсанаар Өмнөд Африкийн далайн төвшнөөс дээшхи өндрийн хэмжээг ажрахгүй тоглох давуу талтай ажээ. Зориулалтын төхөөрөмжийн тусламжтайгаар майхан доторх агаарыг шүүж, хүчилтөрөгчийн хэмжээг бууруулсан учир тоглогчид эртнээс энэ байдалд дасан зохицож, улмаар далайн төвшнөөс дээш хэдэн метрийн өндөрт гарсан ч амьсгалах болон гүйж харайхад ямар нэг хүндрэлтэй байдал үүсэхгүй юм. Төхөөрөмжийн тохиргоог өөрчилж, тоглогчид далайн төвшинд, хэсэг хугацааны дараа хиймлээр бий болгосон өндөрлөг газарт байгаа мэт цаг агаарын нөхцөлд шилжих гэнэ. Уг тусгай майханг Лондонгийн өндөрлөг газар судлалын төвийн мэргэжилтнүүд бүтээжээ.

-Шигшээ багийн тоглогчдод ямар учраас энэ майхан шаардлагатай байна вэ?

-Английн хөлбөмбөгийн шигшээ баг далайн төвшнөөс дээш 1500 метрийн өндөрт орших Рустенбург хотод байрлаж, тэндээ зургадугаар сарын 12-нд АНУ-ын шигшээ багийн эсрэг нээлтийн тоглолтоо хийнэ. Бусад хоёр хэсгийн тоглолт нь далайн эргийн Кейптаун болон Порт Элизабет хотод болно. Гэтэл ДАШТ-ий тоглолтууд зохиогдох 10 цэнгэлдэхийн зургаа нь далайн төвшнөөс дээш хэдэн мянган метрийн өндөрт оршдог. Тэгэхээр англичууд хэсгийн тоглолтод амжилттай тогловол цаашид тэдгээрийн аль нэгт нь тоглох хэрэг зайлшгүй гарна.

-Өндрийн хэмжээ тоглолтод хэр их нөлөөлөх вэ?

-Дээшлэх тусам агаарын нягт багасдаг. Тэгэхээр агаарт агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ багасах учир хүч чадлаа гаргахын тулд биеэс ихээхэн хүч шаардагдах юм. Бие махбодь, булчинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч ирэхгүй нөхцөлд амархан туйлдаж, ядардаг.

-Харин тэдгээр майхан хэрхэн тус нэмэр болох вэ?

-Хүчилтөрөгчийг бие махбодид түгээдэг цусны улаан эсийг сэргээж өгөх юм.

-Тэгвэл яагаад бүх тоглогчдод өгөхгүй байгаа юм бэ?

-Английн шигшээ багийн тоглогчдыг сорилд хамруулж, чухал шаардлагатай тоглогчдыг сонгосон. Зарим тоглогчдын зүрхний цохилтын давтамж агаарын нягт багасах хэрээр нэмэгдэж байсан бол заримых нь харьцангуй тайван байсан. Үүнтэй л холбоотой юм.

-2002 оны ДАШТ-ий өмнө Дэвид Бэкхэм өлмийний гэмтлээ хурдан эдгээхийн тулд энэхүү майханг ашиглаж байсан шиг санагдаж байна?

-Тийм ээ. Майхны тусламжтайгаар бие махбодид хүчилтөрөгч хурдан түгж, эдгэрэлтэд эергээр нөлөөлдөг юм.

-Энэ майхан ямар үнэтэй вэ?

-Хүчилтөрөгч соруулдаг төхөөрөмж 3599 фунт, харин зориулалтын майхан 299 фунт стерлингийн үнэтэй. Харин сарын хугацаанд 550 фунтээр түрээслэх боломжтой.

-Ямар давтамжтайгаар хэрэглэвэл зохих вэ?

-Долоо хоногт 3-4 удаа нэг удаад 8-10 цаг майханд унтахыг зөвлөдөг.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж