Гутал ба зан харилцаа

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Гутал ба зан харилцаа

Гутал бол бүсгүйчүүдийн хувьд хамгийн чухал байр суурийг эзэлдэг зүйл. Бирдийн орноос гэртээ ирэхэд нь Дороти гүнжид бадмаараг гутал, зүрхний ханхүүгээ олоход Үнсгэлжинд болор шаахай, дайснаа дарахад нь үлгэрийн баатарт хурдан гутал хэрэгтэй байдаг.  Хараа булаам сайхан гуталтай байхад хүн тухайн өдрөө л сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байдаг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Мөн сайхан гуталтай хүмүүс бусдын хүндэтгэлийг ч хүлээж чаддаг. Тиймээс ч ямар гутал өмссөн байгаагаар нь тухайн хүний өөртөө итгэлтэй байдал, сэтгэл зүй зан араншингийнх нь талаар тодорхойлж болдог гэнэ.
Нэрт загвар зохион бүтээгч, хуучин гутал цуглуулагч Донна Каран “Бүсгүй хүний амьдралд болон өөртөө хандах хандлага нь газраас эхлэн дээш өгсөж явдаг. Гутал нь ямар загвартайгаас хамааран хүний алхаа гишгээ, явдал, биеэ авч яваа байдал нь хүртэл өөрчлөгдөнө” хэмээн ярьдаг.
Харин “Гоо сайхны хүч” номын зохиогч Нэнси Фрайди бүсгүй хүний зан араншин түүний өмссөн гуталтай нягт холбоотой хэмээн үздэг нэгэн. Тэр “Өндөр өсгий бол бүх талын анхаарал шаардсан байдаг. Өндөр өсгийтэй гутал хүсэл тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэл бүх төрлийн мэдрэмжийг төрүүлж байдаг юм. Гэхдээ л өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүйг огт анзаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Намхан, шулуун ултай гуталтай  бүсгүйчүүд тэмцэлдэх дургүйн шинж. Ийм гутланд дуртай хүмүүс ил гарахгүй нүднээс далдхан байх хүсэлтэй байдаг. Ийм байдалтай болдог нь хүүхэд үеийн сэтгэхүй өссөн орчин мөн олон хүний анхаарлын төвд байхдаа та өөрийгөө хэрхэн мэдэрдэгтэй холбоотой” гэж бичсэн байдаг.
Гутлын загвар зохион бүтээгч Кеннет Коул “Гутал бол хүний сэтгэл санааны хэмжүүр гэж үздэг. Тэр бусад бүхий л хувцас гоёл чимэглэлээс илүү гутал л хүний сэтгэл санаа өнөөдөр ямар байгааг илэрхийлдэг” гэжээ.  Хэрвээ таны сонгосон гутал нэг л таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бол зүрх сэтгэлдээ ч бас таагүй байгаагийн илрэл гэнэ.
Италын загвар зохион бүтээгч Манола Бланик “Хувцаснаас ялгаатай нь бид гутлаа ямар ч толины тусламжгүй өөрөө харж чаддагт ихээхэн учир оршдог” гэж үздэг.
Үүнээс харахад хэрвээ та хэн нэгний тухай мэдээлэлтэй болж тухайн хүнийг илүү таньж мэдэхийг хүсвэл ямар гутал өмссөн байгаагаар нь шинжиж болох юм.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж