
С.Баяр таван төгөлдөршлийг зарлахдаа хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Аль нь ч бүтэхгүй байх гэсэн урамгүй үг ч дуулдсан. Харин ч хамтарсан Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгойг ашиглах уул уурхайн салбарын том ажил эхэллээ. Энэ бүхэнд өөрөө ч сэтгэл хангалуун байгаа байх. С.Баяр хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч тэгж ажлаас, хариуцлагаас няцаж нялцагнаад байх хүн биш. МАХН-ын байтугай Монгол Улсын түүхэнд төрийн энэ өндөр албан тушаалыг өөрөө шийдээд, улс төрийн зориг гаргаад хүлээлгэж өгсөн тохиолдол байхгүй. Харин намын даргаа өгөхийн үед жаахан азнах байсан болов уу даа. Энэ бол Ерөнхий сайдын албанаас өөр шүү дээ. МАХН-ын XXV Их хурал дээр С.Баяр өөрөө би энэ хоёр албан тушаалд нэг хүн байх ёстой гэхийг нь би чихээрээ сонссон. Тэгсэн хүн намын даргын албаа өөртөө хадгалаад суугаад байна гэж би бодохгүй байна. Тэгээд ч намын даргын ажлыг өгнө гэдэг ганцхан сарын дотор хийдэг ажил биш. Намын дүрмийн дагуу Их хурлаараа шийдэх ёстой. Тиймээс цаг хугацааны хувьд харзная гэсэн санаа байсан байх.
-Тэгвэл шахалт, нөлөө байсан юм болов уу?
-Үүнд гаднын нөлөө байгаагүй. Үүнээс хойшлуулбал хугацаа алдаж мэднэ гээд С.Батболдод ажлаа өгсөн байх. Түүнээс биш хэн нэгний дарамт шахалтад ороод байх хүн биш.Харин С.Баярын өөрийн улс төрийн цөлх ухаан л нөлөөлсөн гэж би бодож байна. Бариа зөрүүний зааган дээр шийддэггүй, дотроо бодож болгоож байж шийддэг. Ерөнхий сайддаа өглөө гэхэд өнгөрсөн хугацаанд яаж ажиллав, энэ чигээрээ намын даргын албаа өөртөө аваад байхад намын гадна, дотнох нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг олон талаас нь харах туршлагатай хүний холын бодол энд нөлөөлсөн байх. Би ч ийм нөхцөлд ингэж бодож байж шийдэх хэрэг шүү дээ. Нэгэнт өөрөө С.Батболдыг Ерөнхий сайдад санал болгосон хүн намын даргаа ч түүнд өгөх нь гарцаагүй байсан. Тэгж ойрхон хугацаанд хоёр нүүр гаргах ч хүн биш. Өөрөөр хэлбэл XXV Их Хурал дээр энэ хоёр албыг нэг хүн авах нь зүйтэй гэчихээд хоёр жилийн дараа салгаад үлдэнэ гэж байхгүй. Тиймээс энэ бодлоо тээгээд, намын даргын албаа өгч чадалгүй АНУ-д эмчлүүлэхээр явсан. Тэр хооронд олон янзын муу сайн үг сонорт нь хүрлээ. Нам дотроо ч нэлээд шуугилаа. Харин тэр ярьж бичсэн хүмүүс арай түргэдсэн болов уу гэж бодож байна.
-Ярьж бичсэн хүмүүс гэж Н.Энхбаяр л байгаа шүү дээ?
-Энэ бол сонин асуудал. Намын түүхэнд миний л мэдэхийн дарга нар нь ийм маргаан зөрөлдөөнд ил цагаан хүрч байгаагүй. Үүнийг тайлбарлахад зовлонтой. Гээндээ ч, гоондоо ч бий байх. Н.Энхбаярын хэвлэлд өгсөн олон хуудас ярилцлагыг би уншсан. Уг нь Н.Энхбаяр тийм тэнэг хүн биш. Өндөр боловсролтой, төрийн гурван өндөрлөгийн албыг хашсан хүн. Н.Энхбаярын толгойноос гарсан яриа гэхэд итгэмээргүй ярилцлага байна билээ. Тийм гомдол санал байлаа ч гэсэн түүнийгээ илэрхийлсэн хэлбэр нь “Ийм жижигхэн хүн байсан юм уу” гэж бодохоор яриа байна билээ. Ер нь улстөрч, намын гишүүн хүн хувь хүнтэй муудах асуудлаа намдаа нялзааж нийтэд түгээх нь тун онцгүй асуудал. Би Н.Энхбаяртай жирийн сайн харилцаатай. Ойрд уулзсангүй л дээ. Гэхдээ тэр ярилцлага С.Баярт, надад, намынханд гэлтгүй олон нийтэд яаж хүрсэн бол гэдгийг төсөөлж чадахгүй байна. Ард түмэнд, сэхээтнүүдэд тэгтлээ сайхан сэтгэгдэл төрүүлээгүй л болов уу. Үүн дээр Н.Энхбаяр алдсан байх аа.
– Та Н.Энхбаяр, С.Баяр хоёрын хэн хэнийг нь муугүй мэднэ. Тэгвэл юу түүнийг тэгж алдахад хүргэв?
-Н.Энхбаяр С.Баярт их муу байж болно. Сайн байснаа муудалцсан байж ч болно. Тэглээ гээд С.Баяр, Н.Энхбаярын хоорондын бус намын асуудал, Монгол төрийн удирдагчдын нэр хүндийн асуудал учраас би танд өөрийн бодлоо хэлж байгаа юм. Энэ үүднээс Н.Энхбаяр сонинд ярих, бичихээсээ өмнө бодох ёстой. Тэр хэмжээний ухаан түүнд хангалттай бий. Тэр бол Монголын шилдэг сэхээтэн, улстөрч талаасаа эхний тавд заавал оруулах хүн. Гэтэл тэр яриа надад төдийгүй олон хүнд таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй.
-Одоо МАХН-д Н.Энхбаярыг дэмжигчид ба бусад нь гэсэн хуваагдал үүсээд байгаа нь нууц биш?
-Яг хэн нь хаана тэгж хуваагдсаныг би сайн мэдэхгүй байна.
-С.Баяр дарга Н.Энхбаяр ярилцлагадаа намайг зургаан зүйлээр гүжирдлээ гээд Хяналтын хороонд өргөдлөө өгсөн. МАХН-ын Хяналтын хороо ийм асуудлыг хэлэлцэж шийдэж байсан туршлагатай юу, шийдэж чадах болов уу?
-Намын даргын гомдол орж ирж байгаагүй байх. Би лав мэдэхгүй юм байна. Гэхдээ Хяналтын хороо үүнийг шийдэх ёстой. Н.Энхбаярын ярилцлагад С.Баярын хувийн асуудлаас гадна намын нэр хүндтэй холбоотой асуудал хөндсөн. Нам Ерөнхийлөгчийн сонгуулиар миний төлөө ажиллаагүй гэж хэлээд байна. Би үүнд С.Баярыг буруутгахгүй. Сонгуулиар нам яаж ажилласан, хаана явсан, хэр сурталчилсан гээд олон асуудлыг шалгаж болно. Тиймээс С.Баяр нэрээ цэвэрлэх гэхээс илүү нам ажиллаж чадсан уу гэдгийг шалгахад хүрч байна. Хувь хүний гомдол бол шүүхээр шийдүүлж болно шүү дээ.
-С.Баярт алдаа байхгүй гэж хэлж болохгүй. Хувь хүн талаасаа ч алдаа, дутагдал байсан л байх?
-Мэдээж би С.Баярыг “өөгүй, өндөг шиг” гэж хэлээгүй. Хувийн амьдралд нь ч, зан чанарт нь ч сайн муу юм байсан байхыг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь түүний өрсөлдөгчдөд ч, дотно нөхдөд ч санаснаа гүйцэлдүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн байж болно. Өөрөөр хэлбэл түүнийг дэмжихээсээ илүү хувийн чанартай алдаанд нь дөрөөлж ашиглахад хүргэсэн байхыг үгүй гэх газаргүй.
– МАХН-д анх жигүүр бий болоход олон хүн дэмжиж хүлээж авсан. Одоо харахад бараг бүгдээрээ төрийн өндөр албанд очсон байгаа нь жигүүрийг өөр зорилготой байжээ гэж дүгнэхэд хүргэж байна. Тэгсэн хэрнээ жигүүрийн тэмцэл хэвээрээ дандаа л намаа шантаажилж байгаа юу?
– Гаднаас нь харахад тэгж харагдаад байгаа юм. Ихэнх нь албан тушаалд очсон. Ядаж л элчин, консулаар томилогдсон байна. Тэгэхээр жигүүрт байгаа хүмүүсийн амбиц, хувийн ашиг сонирхол, албан тушаал олох хэрэгсэл гэж ашиглаад байгаа нь нууц биш.Уг нь бол намыг дотоод ардчилалтай байлгах нэг хэлбэр гэдэг жинхэнэ утгаараа хэдэн ч жигүүртэй байж болно. Би үүнийг устга, барь гэж хэлэхгүй. Жинхэнэ ёсоороо л ажиллаж чадахгүй байна. Одоо жигүүрийнхэн үгээ хэлсээр байгаа нь эрүүл үзэгдэл. МАХН-ын XXV хурал намын түүхэнд их шинэчлэлт, ардчиллыг авчирсан. Боловсон хүчний сонголт, хариуцлагын талаар том зорилт тавьсан. Энэ зорилгодоо зарим талаар хүрээгүй байгаа нь ч үнэн. Ард түмний шүүмжилж байгаа нь Төрийн ордонд ярьж байгаагаас хавьгүй үнэн байдаг юм шүү.
-МАХН доторх жигүүр, хөдөлгөөний автор нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гэдэг. Та тэгж боддог уу?
-Би хэн гаргаж ирснийг сайн мэдэхгүй. Намаа шинэчилье, ардчиллыг сайжруулъя гэсэн үзэл бодолтой гишүүдээс л урган гарсан гэж боддог. Явц дундаа хаашаа эргэснийг харин бүү мэд.
-С.Баяр ч гэсэн намаа шинэчилнэ гэж хэлж гарч ирсэн. Гэтэл шинэчлэлт харагдаагүй?

-М.Энхболдыг огцроход МАХН яаж даргыгаа хавсайдаж зайлуулж чаддагаа харуулсан гэж би боддог юм?
-Тухайн үед Засгийн газар тааруу ажиллаж байна. МАХН дотоод ардчилалгүй байна гэх мэт шүүмжлэл их байсан. Энэ шүүмжлэл Засгийн газар, МАХН-ыг удирдагчтай зайлшгүй холбоотой. Тэгээд ч энэ хэвээрээ байвал 2008 оны сонгуульд ялагдаж мэднэ гэсэн асуудал яригдсан. МАХН-ын гишүүд, жигүүр, Онц их хурлынхан яалт ч үгүй үүнийг мэдэрч тийм яриа хүчээ авчихаад байсан болохоор л тэр шийдвэрт хүрсэн.
-Яг тэр үед таныг Н.Энхбаяр, С.Баяр нарыг голын эрэг дээр уулзууллаа, ер нь тэднийг холбодог гол хүн нь юм гэсэн яриа ч гарч байсан. Энэ үнэн үү?
-Миний хүссэнээр тэр хоёр голын эрэг дээр уулзалт хийнэ гэж юу байх вэ. Тийм юм байгаагүй. Би тэр хоёртой уулздаг байсан. Гэхдээ хэнтэй нь ч ганцаарчлан уулзаж хар хор найруулж байсангүй.
-С.Баярыг намын дарга болсон тэр хурал дээр та заалнаас нэрийг нь дэвшүүлж байсан. Үүнийг дээрх уулзалттай холбоотой байж магадгүй гэдэг?
-Тийм ээ. Би С.Баярын нэрийг заалнаас дэвшүүлсэн “хэрэгтэн” мөн л дөө. Яагаад гэвэл XXIV Их хурал дээр М.Энхболд, С.Баяр нарыг дэвшүүлнэ гэж байсан. Гэтэл Н.Энхбаяр М.Энхболдыг дэвшүүлээд гаргачихсан шүү дээ. Тэр үеэс л дараагийн хурал дээр С.Баярыг дэвшүүлнэ гэсэн яриа дээр доргүй байсан. С.Баяр өөрөө дургүй байсан. Тухайн үед би өөртэй нь уулзаж байсан удаатай. Энэ бол М.Энхболд, С.Баярын асуудал бус намын хувь заяатай холбоотой. Нөлөө бүхий энэ намын цаашдын хувь заяаг хэний гарт өгөх вэ гэдгийг бодох хэрэгтэй гэж тулгасан маягаар ярьж байсан. Н.Энхбаяр ч үүнийг зөвшөөрч л байсан шүү дээ.
-ОХУ-ын ерөнхийлөгч асан Б.Ельцин В.Путиныг сонгуулиас гурван сарын өмнө хөтөлж гарч ирсэн шиг ер нь МАХН-ын дарга нар дараагийн хүнээ гаргаж ирдэг болоод байнаа даа?
-Би үүнийг буруу зүйл гэж боддоггүй. Юу нь муу байх вэ. Б.Ельцин В.Путинд өгснөөрөө алдаагүй. Задрал бутралын хүнд цаг үед зөв алхам болсон шүү дээ. Энэ том гүрнийг тийм шийдэлгүйгээр өөрсдөө шийд гээд орхих нь аюултай. Манай энэ бодлого ч гэсэн буруу юм биш. Н.Энхбаяр ч тухайн үед С.Баярыг намын дарга болгож болохгүй гэсэн бодолтой байгаагүй. Түүнийг би сайн мэдэж байна. Одоо Н.Энхбаяр юу гэж хариулахыг бол мэдэхгүй л дээ.
-Одоогийн Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Батболдыг бизнесмэн байхад нь мөн л Н.Энхбаяр хөтөлж авч ирсэн. Тэр их хурдаар ийм өндөрлөгт хүрэхэд нь хөрөнгө мөнгө ямар нөлөө үзүүлсэн бол?
-Манайх л ядуу орон болохоор тэгж ярьдаг болохоос бусад оронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын дарга нь пролетари хүн хаана, хэн байгаа юм бэ. Том хөрөнгөтөн, тэрбумтнууд л байна шүү дээ. Гол нь өөрийн хөрөнгөө төрийг, намыг удирдахад дулдуйдвал буруудна. Түүнд туршлага бий. Гадаад хэргийн сайд, Үйлдвэр худалдааны сайд байлаа. Сайдын суудлаас ажил хийх, Ерөнхий сайдын суудлаас хийх тэс өөр. Тэр хувийн бизнесээ амжилттай хийгээд, зах зээлийн шат дамжлагын зовлонг нь биеэрээ мэдрээд, одоо төрийн нэрийн өмнөөс эдийн засгаа яаж аврах талаар ажиллаж байна. Одоо хувийн амьдралдаа хэдэн төгрөг завшчих юмсан гэх санаа түүнд байхгүй байх аа. Амьдрал нь хангалттай. Харин улс орноо яаж хөгжүүлэх вэ гэдэгт тархин дахь мэдлэгээ ажил болгож эхэлж байна. Түүний аядуу занг шүүмжлэх хэрэггүй. Улстөрчид заавал байх хэрэгтэй чанар. Дайсантайгаа ч эвлэрч ажиллахыг төрийн ажил шаарддаг. Аядуу байж болохгүй, ширүүн байж болохгүй бол хэн улсыг удирдах юм бэ. Тиймээс С.Батболд мөнгөтэй байх нь муу зүйл биш. Ганц ч гэсэн хөрөнгөтөн Монголд байж л байвал сайн байна. Гэтэл тамын тогооны үлгэрээр Н.Энхбаяр л С.Батболдыг 2000 онд оруулж ирсэн гэж яриад байх юм. Энэ бол Н.Энхбаярын гавьяа. Нуулгүй хэлэхэд МАХН тэр үе “өвгөчүүлийн нам” болчихоод байлаа шүү дээ. Залуучуудаар МАХН-ыг сэлбэж шинэчилсэн нь Н.Энхбаярын генсек байхдаа хийсэн гавьяа мөн. Түүний ачаар удаа дараагийн сонгуульд өдий зэрэгтэй амжилт үзүүлж байгаа байх шүү. Өнөөдөр Н.Энхбаяр яаж ч буруудсан өнгөрсөн үеийн гавьяаг нь үгүйсгэж болохгүй.
-Тэгвэл гэнэт юу шүглээд төрийн бүх өндөр албыг авч үзсэн энэ хүн өнөөдөр ингэж ярьсан юм бол. Намын дарга болох тухай яриа хөөрөө нам дотор үүсгэсэн байв уу?
-Н.Энхбаяр ухаантай хүн. Намын даргын төлөө ч зүтгээгүй байх гэж бодож байна. Гэхдээ дотор нь орсон биш яаж мэдэх вэ.
-Тэгээд юуны төлөө нэр хүндээ унагаж, нөхөртөө дайсагнах болов?
-Алсын зорилго бий л байх. Миний бодлоор бол жаахан түргэдсэн байх. Би Н.Энхбаярыг “адгийн шаар” гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөх гэж улайрснаас л түүний алдаа эхэлсэн. Тухайн үед надтай ч энэ тухай ярьж байгаагүй. Н.Энхбаяр бол Монгол Улсын бүх том албан тушаалыг эзэлсэн хүн. Яах гэж дүүрэгт болж байгаа нөхөн сонгуульд оролцож байгаа юм бэ.
-Гэхдээ нэрээ татсан л даа?
-Тэр ч намын бодлогын хүчээр л татсан юм л даа. Намын дарга, гишүүд яриад байхад “би орно” гэж дайраад байсан. Н.Энхбаяр тэгэхэд “Нам ийм бодолтойгоор намайг золигт гаргаж, гадуурхаж байгаа бол…” гэсэн байдлаар бодлогогүй үг хэлж, намтайгаа зөрчилдөж эхэлсэн. Ингээд намын гишүүд, ард түмэнд буруу ойлголт төрүүлж, нэр хүндээ унагалаа.Тийм байдалд хүргэхгүйгээр хүлээцтэй хандах хэрэгтэй байсан юм. Нам бол түүнийг золигт гаргаж, улс төрөөс холдуулах гээгүй. Бас нэг залуу хүнийг л дэмжсэн. Тэр хооронд тэвчээд завсарлага авч болох л байсан. Уг нь 2012 оны сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд зам урт байна шүү дээ. Үүн дээр Н.Энхбаярын улс төрийн ухаан нь дутах шиг болсон. Надаас Н.Энхбаяр “Би яачихав” гэж асуувал тэгж л хэлэх байна.
-Ц.Элбэгдоржийн эвслийн Засгийн газар хугацаанаасаа өмнө огцроогүй бол намуудын хооронд байгуулсан гэрээний дагуу шадар сайд Ч.Улаан Засгийн газрыг тэргүүлэх байсан. Гэвч эвслийн Засгийн газар хугацаанаас өмнө огцорч Ч.Улаан Ерөнхий сайд болохоосоо өнгөрсөн. Харин ч түүний найз гаалийн Х.Баатарын хэрэг гарч, Ч.Улааны амыг тагласан. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Буруу байна. МАХН гал дээр тос нэмлээ гэж бичээд албан болон албан бусаар зэмлүүлж байсан. Яагаад гэвэл хоёр нам зарчмын хувьд ийм хэлцэл хийсэн бол түүндээ хүрэх л ёстой. Ц.Элбэгдоржийн хугацаа дуусахад тун бага цаг үлдсэн байсан шүү дээ. Тэр үед УИХ, Засгийн газар нь солигдох ёстой байсан. Гэтэл яагаад ийм алхам хийчих вэ гэж ярьсан. Яг улс төрийн халуун тогоонд юу буцалж, ямар нарийн үйл явц болж байсныг би нарийн мэдэхгүй л дээ. Гаалийн Х.Баатар тэр үед намын бүлгийн дэд дарга байлаа. Хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй. Их л томоотой хүн байсан. Гэнэт буруудсан. Хуулийн байгууллага зөв, бурууг тогтоосон байх. Нарийн механизмыг нь би үнэхээр мэдэхгүй юм.
-Ер нь Ч.Улаан, Ц.Нямдорж нар бол МАХН-ын дарга байх хэмжээний боловсон хүчин. Гэвч намын даргаар сонгогдож чаддаггүйн учир юунд байдаг юм бол?
-Тэдэнд чадвар байхгүй гэж би хэлж чадахгүй. Яах аргагүй манай намын урдаа барьдаг кадрууд. Гэхдээ үүнийг намын гишүүд л шийдэх хэрэг. Бас залуусын үе ч ирнэ. Тухайлбал, У.Хүрэлсүх, Э.Мөнх-Очир нарын хувьд ч мөн л адил үе нь ирнэ. МАХНын ахмад, дунд, залуу үе маш сайн уялдаа холбоотой. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй шүү дээ.
-Хамтарсан Засгийн газрыг танай намын карим хүн “стандарт бус” хэмээн шүүмжилдэг. Та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Байгуулагдаагүй байхаас нь байгуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд асан Д.Содном бид хоёр АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр нар дээр орж уулзаж, ярилцаж байлаа. Надад бол таалагдаж байгаа. Дангаараа Засгийн газраа байгуулснаар Оюутолгойн гэрээ байгуулах нь байтугай тухайн жилийн төсвөө батлахад амаргүй байдаг шүү дээ.
-Ингэхэд та Казахстанд ямар ажлаар яваад ирэв. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ?
-Атрын III аяны Үндэсний зөвлөлийн гишүүн, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар ХХААХҮЯ-аас өгсөн чиглэлээр яваад ирлээ. Гол нь тус улстай газар тариалангийн чиглэлээр хамтарч ажиллах, сайн чанарын үр судаллаа. Явсан хүн яс зууна гэгчээр ядаж хэлтэрхий ч гэсэн оллоо. Том олзтой ирэхийн тулд бэл бэнчин шаардагдана. Ямар ч байсан 320 тонн “элит” үр авахаар болсон. Уг нь 1600 тонныг авах боломж байсан. Төлбөр тооцооны боломжоос болоод энэ хаврын хувьд хангалттай үр авч ирж чадсангүй. Ер нь уламжлалт харилцаатай, тариалангийн салбар сайн хөгжсөн Казахстантай хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг саналыг би ХХААЯ-нд тавьдаг юм.
У.Оргилмаа.
Улс төрийн тойм