Монте-Карлод зохиогдож буй АТР-гийн цуврал тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн Monte Carlo Rolex Masters тэмцээнд Хорватын Марин Чилич 6-7; 6-1; 6-4 харьцаагаар ОХУ-ын теннисчин Игорь Андреевийг буулган авснаар тэмцээний гуравдугаар тойрогт шалгарчээ. Тэрбээр тоглолтын дараа “Тоглолтын нөхцөл байдал хүндхэн, бөмбөг маш хүнд байлаа. Эхний сетэд ялагдсан ч гэсэн тэмцээний цаашид үргэлжлүүлэхийг хүсч байсан учир ялалт байгуулж чадлаа. Энэ бол сэтгэлзүйн тулаан байлаа” гэжээ. Чиличээс гадна Францын Жо-Уилфред Цонга, Испанийн Фернандо Вердаско нар мөн өрсөлдөгчдөө хожиж, гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхтэй болсон байна. Вердаско Францын тамирчин Жульен Беннетьюг 6-2; 6-1 харьцаагаар төвөггүй хожсон бол Цонга Испанийн Николас Альмагротой ширүүн тулалдаж, 7-6; 7-5 харьцаатай ялалт байгуулжээ. Вердаског дараагийн тойрогт Чехийн Томаш Бердык хүлээж байна. Бердыкийн хувьд Францын теннисчин Ричард Гаскетай тоглож, 6-2; 6-0-ээр хожсоноор гуравдугаар тойрогт шалгарчээ.
Дэлхийн чансааны жагсаалтад дээгүүр байрт эрэмбэлэгдсэн Сербийн Новак Жокович, Испанийн Рафаэль Надаль болон Британийн Энди Муррей нар өнөөдөр анхныхаа тоглолтыг хийх юм.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ