Тагнуулын байгууллагын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Тагнуулын байгууллагын тухай хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дагавар хуулиуд болох Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байлаа.  Гэвч хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж санал гаргаж, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бүлгээр дахин хэлэлцэх шаардлага байгаа тул хойшлуулж өгөхийг хүсэв. Дээрх саналыг байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Энхболд дэмжиж, энэ хуулийг цагт шахагдан хэлэлцэх шаардлагагүй, асуудлыг маш нарийн авч үзэх, судлах шаардлага байгаа тул Тусгай хяналтын дэд хороон дээр Р.Гончигдорж гишүүн нэмэгдээд, уг хуулийн төсөл дээр ажиллаж, хэлэлцүүлэгт бэлтгэн, байнгын хороонд танилцуулахыг үүрэг болголоо.

Хоёрдугаар асуудал болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт” санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг  УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороогоор тус бүр авч хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг хэлэлцэх юм.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж