Хятадын юанийн ханш доогуур байна гэж Обама мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хятадын юанийн ханш доогуур байна гэж Обама мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч АНУ Хятадын мөнгөн тэмдэгт юанийн ханш “доогуур тогтоогдсон” бөгөөд аль нэг улс шударга бусаар давуу байдал би болгохгүйн тулд ханшны асуудлыг зохих ёсоор шийдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. АНУ, Хятад хоёр 20 улсын групп тохиролцооны хүрээнд дэлхийн эдийн засгийн хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр Вашингтон хотод болсон цөмийн аюулгүй байдлын уулзалтын төгсгөлд ийнхүү АНУ-ын удирдагч Хятадын юанийн ханшны талаарх байр сууриа мэдэгдсэн. Энэ байр сууриныхаа талаар дөрөвдүгээр сарын 12-нд Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаотай биечлэн уулзах үедээ мөн хэлсэн байна.

Хоёр гүрний удирдагч уулзсаны дараа ерөнхийлөгч Ху юанийн ханшийг эргэн харах асуудал нь Хятад улсын өөрийнх нь “эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээн дээр үндэслэх болно” гэж мэдэгдсэн. Өчигдөр Хятадын Гадаад яамны дэд сайд Cui Tiankai “Юаний ханшийг шүүмжилж байгаа гадаадын шахалтыг зөвтгөж болохгүй. Хятад өөрийн хэрэгцээ, сонирхол дээр үндэслэн зохих өөрчлөлт хийх болно” гэж мэдэгдсэн. Хятадын байр суурийг хүндэлж байгаагаа Обама илэрхийлсэн. “Юань бол тусгаар тогтнолтой холбоотой, тусгаар улсын асуудал. Дотоодынх нь мөнгө, санхүүгийн бодлогод нь гаднаас шахалт үзүүлж байгаа гэж тэд эсэргүүцэж байна” гэж Обама ярьсан.

2008 оны долдугаар сараас хойш нэг ам.доллартай харьцах ханш 6.83 юань гэж хөдлөлгүй тогтоод байгаа юм. Энэ нь Хятадын экспортлогчдод гадаад худалдааны шударга бус давуу тал олгож байна гэж АНУ-ын хууль тогтоогчид үзэж энэ талаар хатуу байр суурь баримтлахыг Обамагийн Засгийн газраас шаардаж байгаа юм. Зургадугаар сарын 30-наас Хятад юанийн ханшаа чангалж магадгүй, гэхдээ энэ нь нэг удаа ханш өсгөх үйл явц биш, харин хөвөх ханш хэлбэрээр тогтоож магадгүй гэж “Bloomberg”-ээс явуулсан судалгааны дүнд өгүүлсэн.
АНУ-д уулзалтад оролцсоныхоо дараа Ху ерөнхийлөгч Өмнөд Америкийн гурван орноор айлчлах бөгөөд эхлээд Бразилд очно. Энд мөн юанийн асуудал яригдаж магадгүй байна. “Валютууд хөвөх ёстой. Хятадын валют ч мөн адил хөвөх ханштай байх ёстой” гэж Бразилийн төв банкны ерөнхийлөгч Henrique Meirelles Рио де Жанейрод өгсөн ярилцлагынхаа үеэр ярьсан.
Хэдийгээр валютын ханшны хувьд үзэл бодлын зөрүүтэй байгаа ч Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, Иранд хориг тавих асуудлаар Хятад АНУ-тай ижил байр суурьтай байна. Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд тэндээс гаргах тогтоолд хориг тавих эрхтэй. Хятад дэлхийн газрын тосны хоёр дахь том экспортлогч Ирантай их хэмжээний газрын тосны наймаа хийдэг бөгөөд өмнө нь Ираны эсрэг арга хэмжээ авахын эсрэг байр суурьтай байсан юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж