Хөзөр “Челси”-гийн гарт ирлээ | News.MN

Хөзөр “Челси”-гийн гарт ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Хөзөр “Челси”-гийн гарт ирлээ

Хөзөр “Челси”-гийн гарт ирлээ
Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн шөнө Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ лигийн өрсөлдөгч “Болтон Вандерерс”-ийг хожсоноор Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөний тэргүүлэгчийн байр сууриа бататгалаа. Тоглолт 1:0 харьцаатай өндөрлөсөн ба тоглолтын цорын ганц гоолыг эхний хагас өндөрлөхийн өмнөхөн франц довтлогч Николя Анелька оруулсан байна. Ийнхүү “Цэнхрүүд” 2009/10 оны улирлын тоглолт өндөрлөхөд ердөө дөрвөн тоглолт дутуу байхад өрсөлдөгч “МанЮ”-гаас дөрвөн онооны илүүтэй болов.
Энэ үдэш “Тоттенхэм”-ийн талбайд зочлох “Арсенал” өрсөлдөгчөө ялсан тохиолдолд лигийн хоёрдугаар байрыг “Манчестер Юнайтед”-аас булаан авах боломжтой боловч “Цэнхрүүд”-ээс гурван онооны дутуу болох юм.
Хүснэгтийн сүүлээр бичигдээд буй “Болтон”-ын дасгалжуулагч Овен Койл Дидье Дрогба, Жон Терри нар бөмбөгөнд гар хүрчихээд байхад пенальти заасангүй хэмээн шүүгчийг шүүмжилсэн бөгөөд тоглолтын дараа ESPN-д өгсөн яриандаа “Бидэнд торгуулийн цохилт цохих боломж олгосонгүй. Дидье Дрогба бол дэлхийн зэрэглэлийн шилдэг тоглогч, харин энэ удаад тэр жинхэнэ шилдэг волейболчин шиг харагдлаа. Тоглолтын дараа би хажуугийн шүүгчээс Терри бөмбөгөнд гар хүрсэн гэж хэлэхэд гар биш, мөр байсан гэж хариулсан. Дахин нягталж харах хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.
Харин “Цэнхрүүд”-ийн дасгалжуулагч Карло Анчелотти энэ асуудалд ямар нэг хариулт өгөхөөс татгалзжээ. Тэрбээр “Тоглолтын шүүгчдийг шүүх нь миний хийх ёстой ажил биш. Шүүгчийн ажил хэцүү, заримдаа тэд зөв шийдвэр гаргадаг, зарим үед хамгийн буруу шийдвэрийг ч гаргадаг. Бид сайн тоглолоо, гэхдээ бямба гаригт Тоттенхэм биднийг хүлээж байгаа учир хичээх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Тоглолтын эхний хагаст “Цэнхрүүд” тааруухан тоглолт гаргаж байсан ч 43 дахь минутад Дрогбагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Анелька чулуу болгож, нэгдүгээр сараас хойшхи анхны гоолоо оруулсан байна.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж