Владимир Кличко Д.Хэйг халз тулаанд дуудав

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Владимир Кличко Д.Хэйг халз тулаанд дуудав

IBF, WBO-ын хүнд жингийн дэлхийн аварга, Украйны мэргэжлийн боксчин Владимир Кличко WBA-ын дэлхийн аваргын бүс эзэмшигч Британийн Дэвид Хэйг халз тулаанд дууджээ. Хэй өнгөрсөн оны зургадугаар сард Кличкотой тулалдахаар тов зарласан байсан ч гэмтлийн улмаас тулааныг цуцалсан бөгөөд өдгөө ах дүү Кличкогийн хэнтэй нь ч нударга зөрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин Владимир Кличко Хэйд зориулсан видео бичлэгтээ “Би чамайг албан ёсоор тулаанд дуудаж байна. Чи надаас зугтаж чадахгүй. Би тулаанд бэлэн байна” гэжээ.

Дэвид Хэй мөн Владимирийн төрсөн ах Виталий Кличкотой өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тулалдахаар ярилцаж байсан боловч Николай Валуевтай нударга зөрүүлэн, буулган авснаар WBA-ын хүнд жингийн дэлхийн аваргын бүс эзэмших болсон юм. Харин энэ сарын эхээр тэрбээр АНУ-ын боксчин Жон Руизыг нам цохиж, дэлхийн аваргын бүсээ хамгаалах анхны тулаандаа ялалт байгуулсан билээ. Энэ тулааны дараа Хэй олон нийтэд мэдэгдэл хийж, ах дүү Кличкогийн хэн нэгтэй нь Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэхэд тулалдах санал гаргасан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж