
МАХН-ын ахмад гишүүд нийлж суугаад намынхаа удирдлагын эсрэг мэдэгдэл гаргаж, бүлгэм байгуулжээ. Бүлгэмийн зорилго нь 90 жилийн түүхтэй энэ намын үнэт зүйлийг хамгаалах, ёс зүйн хувьд ялзарсан намын удирдлагаас намаа аврах явдал гэнэ. Ялангуяа энэ МАХН-ын оролцоотойгоор төрийн тогтолцоо нэн оновчгүй, чадварлаг бус болж, эрээвэр хураавар этгээдүүд төрд шургалж, хувийн бизнесийн эрх ашгаа хамгаалах баталгааны төлөө парламентын суудал өөд зүтгэгчид олширлоо хэмээн дүгнэсэн байна. Үүнээс үүдэн эрх баригч намуудын хоосон амлалт, сурталд дургүйцсэн олон түмний хөдөлгөөн янз бүрийн хэлбэрээр өрнөж, нэгдэн нийлж, улам хүчээ авч байгааг ч дэмжихээ мартсангүй. МАХН-ын гишүүдийн өнөөдөр л гэнэт санаж сэрээд байгаа энэ зүйлд үнэний хувь байлаа ч гэсэн угаасаа бие биенийхээ нүүр өөд харж байгаад алдаа дутагдлаа яриад, асуудлаа шийдчихэж чаддаггүй энэ намынхны хувьд эзэн биегүй, битүү хатуу үгээр бие биенээ хутгалан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацаж, үүнийгээ “ёс суртахууны дээд хэлбэр” мэтээр сурталчилдаг нь гэм биш зан учир энэ удаад ч гэсэн нэг их гайхаад байх зүйлгүй. Нэг ёсондоо өнгөрөгч долоо хоногт МАХН-ын дарга асан С.Баярын ямар ч хийдэлгүй хийсэн намын шинэ даргын томилгоо, Ерөнхий сайд С.Батболдыг 100 хувиар дэмжсэн МАХН-ын бага хуралд зориулсан алга ташилт үүгээр дуусч байгаа хэрэг. Харин одоо бол бодит амьдрал эхэлж байна…
Ингэхэд МАХН-ын дарга асан С.Баяр түүнд юу өвлүүлсэн бэ?
2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар сарын 1-ний үймээн, энэ үеэр Монголын төр гэм зэмгүй таван иргэнийхээ амийг хөнөөсөн хэрэг одоо болтол эцэслэн шийдэгдээгүй байгаа. Өнөөдөр ч гэсэн хохирогчдын ар гэрийнхнээс нь илүү Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа нөхдүүд энэ сэдвийг дахин сөхөж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Үүнд хариу өгөх ганцхан субъект үлдээд байгаа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт. Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан уг ажлын хэсгийнхэн онц байдлын үеэр төрийн өндөр албан тушаалтнууд /тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотод хэргийн сайд болон цагдаа, тагнуулын дарга нар/ ямар алдаа гаргасан талаар УИХ-д танилцуулга хийхээр дүгнэлтээ бэлтгээд байгаа. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас мэдүүлэг авсан ажлын хэсгийн ахлагч “Урьд өмнө болж байгаагүй үйл явдал учраас ерөнхийдөө аль аль талдаа алдсан зүйл байна” гэдгийг хэлсэн. Харин алдаа гаргасан биш, бурууг хэн хийсэн бэ гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтийг хаврын чуулганаар хэлэлцэх үеэр тодорхой болох юм. Олон нийтийн хүлээлтээр бол тэр үед эрх барьж байсан МАХН-ын удирдлагуудаас хэн нэг нь буруутах ёстой.
Дараачийнх нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал. Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон гэх мэдээллийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өвлөж авсан иргэний хөдөлгөөнийхөн одоо болтол гэрээг хүчингүй болгох шаардлагыг тавьсаар байгаа. УИХ-ын зарим гишүүн ч тэдэнтэй ямар нэг байдлаар санал нэгдэж, гэрээнд засвар хийхийг шаардаж байгаа. Харин гишүүдийн тавьж байгаа шаардлагуудаас хамгийн бодитой бөгөөд хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйл нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг орлуулахаар гаргаж ирсэн Өсөн нэмэгдэх роялти буюу нөөцийн төлбөрийн асуудал. УИХ-ын зүгээс энэ төлбөрийг хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээх нэг нөхцөл болгон тавьж байгаа ч нэгэнт харин хөрөнгө оруулагчдын зүгээс тогтвортой байдлын гэрээ байгуулсны дараа гаргаж ирж буй татварын нэмэлт дарамтыг хүлээж авах нь эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл УИХ-аар батлагдвал Засгийн газар хөрөнгө оруулагчидтай дахиад л хэлэлцээрийн ширээнд суух хэрэг гарна.
Үүн дээр Тавантолгойн ордын ашиглалтыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр амласан, үүн дээр дөрөөлж МАХН-ын сонгуулийн амлалт болох 1,5 саяыг босгохоор төлөвлөж байгаа Ерөнхий сайдын өмнө иргэний хөдөлгөөнүүд “Монголын баялгийг ломбардад тавьж идэх гэлээ” гэсэн бас нэгэн тээг тавиад байгаа. Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн ордыг 100 хувь төрийн өмчид байлгана хэмээн мэдэгдсэн ч энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэг их татахгүй мөртлөө хийж хэрэгжүүлэхэд бас л бэрхшээлтэй асуудал. Хэдийгээр Оюутолгойн орд дээр хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ нь стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхны жишиг гэрээ болсон гэж үнэлэгдэж байгаа ч “Тавантолгойн орд дээр үндэснийхээ компаниудыг дэмжиж ажиллуулах” тухай Ерөнхий сайдын амлалтад хөл алдсан манай бизнесмэнүүдийн талцал, хөрөнгө оруулагчдын шахалт юунд хүргэхийг бас л таашгүй.
Удаах нь иргэдийн хувьд хамгийн их маргаан дэгдээж, анхаарал татаад байгаа 1,5 сая төгрөгийн бэлэн мөнгөний амлалт. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд энэ 1,5 саяыг бүрэн өгч дуусна гэдгээ мэдэгдсэн ч энэ бол бас л амлалт. Хийж хэрэгжүүлэх бүхэл бүтэн гурван жилийн хугацаа байгаа шиг мөн тийм хэмжээний эсэргүүцэлтэй Засгийн газар тулгарна гэсэн үг. Ялангуяа сүүлийн үед манай улс төрд ч, нийгмийн хэсэг бүлгүүдэд ч тэр “сайн ч байсан муу, муу ч байсан муу” гэдэг үзэл бий болчихоод байгаа нөхцөлд хамтарсан Засгийн газар энэ хэвээрээ цаашид удаан оршин тогтоно гэдэг хувь хүний хүчин зүйлээс хэтийдсэн асуудал байж магадгүй. Хэдийгээр МАХН-ын дарга асан С.Баяр өөрийн залгамжлагчаа зарлах үеэрээ хэлсэн “дипломатч хүний төвийг сахих чанар, эдийн засагч хүний мэдрэмж” зэрэг нь хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллуулах, Монголын эдийн засагт бий болоод буй нааштай өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой ч гэлээ.
Ялангуяа МАХН-ын бага хурлын өмнө С.Баярын эсрэг хуримтлагдаад байсан өс хонзонгийн сүүдэр тэр хэвээрээ түүний залгамжлагч дээр ирж байгаа тохиолдолд. Товчхондоо С.Баярын үлдээсэн өв гэвэл өөрийн эзэлж байсан үлэмж орон зайтай тэнцэхүйц хэмжээний бэрхшээлийг С.Батболдод үлдээлээ. Энгийн ухамсрын түвшинд бол энэ хэмжээний ачааг учиргүй баярлаж талархаад хүлээж авах хүн барагтай бол байхгүй. Харин эрх мэдэл, албан тушаалаас өөр юу ч зүүдлэхээ больсон харалган нөхдүүд бол магадгүй. Харин С.Батболд аль талд нь суух вэ гэдгийг ирэх цаг хугацаа харуулна.
Б.СЭМҮҮН