“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай

“Утаагүй Улаанбаатар”-т 18 их наяд төгрөг шаардлагатай
Нийслэлийг чиглэх их нүүдэл тасрахгүйгээс 2.7 сая иргэний тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, агаар, хөрсний бохирдлыг бий болгож эхэлсний зэрэгцээ цэвэр усны хомсдолтой тулгарах болсон тул энэ бүх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж, гар өргөн дэмжлээ.
Хөтөлбөрийн төслийг боловсруулагчид агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал арга зам нь гэр хорооллыг барилгажуулах гэж үзсэн байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 35 байршилд, 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн 2014 оноос эхлэн нийслэлийн гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхийг бүрмөсөн хориглож, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх гэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том, дунд оврын автобус, таксиг хийн түлшээр явуулах бөгөөд үүнийг мөрдүүлэх хугацааг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоожээ. Түүнчлэн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд татвар төлдөг болох гээд хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа эдийн засгийн зохицуулалтуудаас ч ашиглахаар тусгасан байна.
Зам дагаж хөгжил ирнэ гэдэг хэлц үгийн дагуу Улаанбаатар хотыг аймаг, бүсийн төвүүдтэй,  аймаг бүсийн төвийг хилийн боомтуудтай хатуу хучилттай авто замаар холбох ажлыг мөн давхар гүйцэтгэх гэнэ. Нийт 5000 гаруй км авто зам тавигдана гэж тооцоолсон бөгөөд ингэснээр хөдөөгийнхний нийслэлийг чиглэх их нүүдэл тодорхой хэмжээгээр саарна гэж үзжээ. Тодруулж хэлбэл, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 18 их наяд, 217 тэрбум төгрөг шаардагдах юм байна. Тухайлбал, 2010-2012 онд найман их наяд 855 тэрбум төгрөг, 2013-2016 онд есөн их наяд 362 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулахаар тооцоолсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч 18 их наяд төгрөгийг хаанаас ямар эх үүсвэрээс босгож ирэхээр тооцсоныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхээс тодруулав. Тэрбээр нийт зардлын 6.8 хувь буюу нэг их наяд 230 тэрбум төгрөгийг төвлөрсөн төсвөөс, 92.7 хувь буюу 16 их наяд 893 тэрбум төгрөгийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гаргах, Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй үндсэн хөрөнгийг барьцаалах замаар бүрдүүлэх санхүүжилтээс босгох боломжтой гэв. Мөн 92 тэрбум 455 сая төгрөгийг олон улсын зээл тусламжаар бүрдүүлэхээр хөтөлбөрт тусгасан байна.
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн гол амин сүнс нь хөрөнгийн асуудал аж, хэрвээ УИХ-аас асуудлыг даруй шийдээд өгвөл энэ ондоо багтаан ажлыг эхлүүлэхээр Засгийн газар төлөвлөж буй. Харин гишүүд “Дан ганц Улаанбаатар хот утаатай тулалдаад байгаа юм биш. Орхон, Дархан-Уул зэрэг томоохон аймгууд руу  хөдөөгийн иргэд олноороо шилжиж байгаа, орон нутагт ажлын байр бий болгоход  Засгийн газар санаачлагатай ажиллахгүй бол их нүүдэл тасрахгүй гэдгийг анхаарууллаа. Мөн Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлийн идэвхжил сэргэж байгаа төдийгүй Улаанбаатар хот газар хөдлөлийн идэвхтэй бүсэд харьяалагддаг тул гэр хорооллыг барилгажуулахдаа энэ талыг бодолцох. нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллоо барилгажуулж байгаа нь энэ гээд олон хүний амь нас эрүүл мэндийг хохироосон арга хэмжээ болон хувирч, эцэстээ балгастай үлдэх вий гэдэг сэрэмжлүүлгийг УИХ-ын гишүүн Р.Буд өгсөн бол УИХ-ын гишүүн Р.Раш, Я.Батсуурь нар хотыг цэцэрлэгжүүлэх тал дээр ажиллахгүй бол хорт утаанаасаа салахгүй шүү” гэх анхааруулгыг ч Улаанбаатар хотын удирдлагуудад өгөв.
Хэрвээ ярьсан бүхэн биеллээ олбол 2016 он гэхэд Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц сүндэрлэчихсэн, энхэл донхолтой авто замууд толь болж, хорт утаа багасчихсан, амьдрал жинхэнэ утгаараа нийслэлд цэцэглэх янзтай. Хөдөөг ч гэсэн яаж ялгах вэ. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын ярьснаар бол орон нутагт 25 мянган айлын орон сууц баригдах гэнэ. Тэр дундаа 330 сумын төвөөс тодорхой сумыг сонгон авч, “Шинэ сумын төв” төслийг хэрэгжүүлэх аж. Эмнэлэг, сургууль, сумын Засаг даргын Тамгын газрынхан Канадын технологиор барьсан барилга дотор төвхнөж, хот руу шилжих санаагаа мартах бололтой.
Г.ДАРЬ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж