Ерөнхийлөгчийн зарлигийг талархан хүлээн авч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн зарлигийг талархан хүлээн авч байна

Иргэд эрүүл байхын тулд өөрсдийн бие бялдартаа анхаарахыг уриалсан зарлигийг өнгөрсөн сард батласан нь хүний  эрүүл мэнд ямар чухал зүйл болохыг зориуд тунхаглан зарласан хэрэг болсон. Хүн эрч хүчтэй сайн ажиллаж, амьдрахын тулд эрүүл чийрэг байх ёстой, харин эрүүл байхын тулд идэвхитэй хөдөлгөөн, эрүүл хоололт, өөрийн сонгосон спортын төрөл, дасгал сургуулилтыг хийж, суралцах хэрэгтэй.  
Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарт “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж байсан ч хүнийг эрүүл байлгахын төлөө биш өвчтэй хүнийг эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон сая төгрөг зарцуулагдсан бол харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны гуравдугаар сарын 26-нд үзэглэсэн 53 тоот зарлиг нь Монголын нийт хүн амын эрүүл мэндийн боловсрол, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал хэрэгцээтэй шийдвэр боллоо хэмээн олон нийт үзэж байна.  
Биеийн тамир, спортын үйл ажиллагааг зөвхөн гадаад, дотоодын тэмцээнд үзүүлж байгаа тамирчдын амжилт, медалийн тоогоор төсөөлж ирсэн хуучинсаг үзэл санааг халж, Монголын ард иргэд нийтээрээ эрүүл чийрэг байх, ажлын эрч хүчтэй болох, хүүхэд, залуучуудыг биеийн тамираар тогтмол хичээллүүлэх,  тэдгээрийг өв тэгш бие бялдартай болгох, спортоор дамжуулан зан төлвийн хүмүүжил олгох, архи, тамхи зэрэг хорт зуршилаас татгалзан чөлөөт цагаараа биеийн тамир, спортоор хичээллэн өнгөрүүлж, спортын 1-2 төрлөөр тогтмол хичээллэх, өдөрт 10,000 алхам явах эсвэл 30 минут идэвхтэй хөдөлгөөнөөр хүн бүр хичээллэж хэвших нь чухал байгааг давхар нотлосон юм.
Их спорт, олимп, тив, дэлхий, тивийн тэмцээнд амжилттай Монголын баг тамирчдыг бэлтгэх, оролцуулах асуудлыг Ерөнхий сайдын дэргэд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан “Олимдийн наадамд бэлтгэх хороо” хариуцан ажиллаж ирсэн ба энэхүү асуудлыг гйүцэтгэх засаглалын тэргүүн удирдах нь зөв зүйтэй бөгөөд Монгол улсын төрийн тэргүүн бол үндэсний хэмжээнд ард иргэд, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын зөв хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие бялдрын тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох, эх орноо батлан хамгаалахад бэлэн байлгах, улмаар хөдөлмөрийн сайн үр дүн гаргаж ажиллах, эрүүл мэндийн магадлагаа авч ойрхон өвчилдөггүй, идэвхтэйгээр ажилладаг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарч байна.
АНУ, ОХУ, БНХАУ зэрэг гадаадын улс, орнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит “Бие бялдрын тест ”-ыг жил бүр ард иргэдээсээ зохион байгуулалттай авч, эрүүл мэндийн түвшинг биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийлгэж хянаж үзэн, түвшинг тогтоон хүн амын хэдэн хувь нь эрүүл чийрэг байгааг дүгнэн үздэг уламжлал бий. Ерөнхийлөгчийн тестийн үр дүнд хүн бүр өөрсдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө хяналт тавьж, түүний дагуу эрүүл чийрэг байдлаа хадгалах улмаар сайжруулах замаар биеийн тамирын нийтийн хөдөлгөөн, спортыг дэмжих бололцоог нэмэгдүүлнэ.
Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгоход ерөнхий боловсролын  болон их, дээд сургуулиудад биеийн тамир, спортыг  сургалтыг тэргүүлэх чиглэлд тооцон үзэж,  сурагч, оюутнуудыг БТС-ын ажилд өргөнөөр татан оролцуулах, тэднийг спортоор хичээллэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, спортын ажлыг дэмжих, зохион байгуулах,  спортр клуб, хамтлагын хөрөнгө санхүүг шийдвэрлэх, багш, дасгалжуулагчдын мэдлэг боловсрол, ажлын хариуцлага, санаачлагыг дээшүүлэх явдал чухал юм.
Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч, бие бялдрын хяналт үнэлгээнд хамрагдан, өөрийн түвшинг сорьж үзэх, биеийн тамирын болон эрүүл аж төрөх боловсролоо нэмэгдүүлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн ийнхүү тест нь 2003 оны ”БТС-ын тухай хууль”, 2009 оны 12  сард УИХ-ын тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” зэрэг БТС-ын салбарт мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн баримт бичгийн үзэл санааг дэмжсэн, тэдгээрийг хэрэгжүүлэхэд  туслалцаа үзүүлж, БТС-ыг хөгжүүлэх замаар хүний хөгжилийг хангахад анхаарлаа хандуулж байна гэж ойлгож болно.  
Орчин үеэд хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж хөдөлмөр эрхлэлт, соёл  иргэншилд суурин явдал давамгайлах болсноор хөдөлгөөний хомсдол гарч, таргалалт нэмэгдэх, эсвэл хоол хүнсний хэрэгцээ дутмагаас тухайн насанд байх ёстой жин, өндрийн хэмжээндээ хүрэхгүй байх тохиолдол жил бүрийн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэгээр тогтоогдсон. Түүнчлэн хүний бие бялдрын үндсэн таван чанар ( хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвар хатуужил) зэрэг 5-н үзүүлэлтүүд нь 20 жилийн өмнөх судалгаанаас муу гарч хүний биеийн чанарын үзүүлэлтүүд жилээс жилд буурч байгаа энэ үеэд Ерөнхийлөгчийн зарлиг гарч үндэсний аюулгүй байдалд нөлөөж болохуйц хүний бие бялдрын чанарын үзүүүлэлтийг дээшлүүлэх явдал чухал болж байгаа үеэд цаг үеэ олсон чухал эрх зүйн баримт бичиг боллоо гэж бид үзэж байна.
Иймээс хүн өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийж, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэм болгох, хөдөлгөөний хомсдолоос салж, өвчлөлд нэрвэгдэхгүй байх нь эмнэлгийн салбарт зарцуулагдаж буй олон тэрбум төгрөгний хөрөнгийг хэмнэх ач холбогдолтой юм. Түүнчлэн спортоор хичээллэсний үрээр хүүхэд, залуучууд хүмүүжлийн зөв чиглэлийг олж авах, архи тамхи хэрэглэхгүй байж гэмт хэрэг, хэв журмын зөрчилд өртөхгүй, сахилгатай баттай байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүлжин чийрэгжиж олон цагаар ажиллах чадвартай болж, эмнэлгийн акт авахгүй  ажиллаж  хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх, багийн спортын үр дүнд хамт олонч, баг дотроо өөрийн үүргээ мэдэх, гүйцэтгэх, нүүдлийн амиа аргацаасан уламжлалаасаа салж багаар ажилладдаг болох, Монгол эх орноороо бахархах үзэлтэй болж түүнийгээ олон улсын тавцанд харуулах  бололцоотой болох юм.  
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг Монголын нийт оюутанууд, Оюутны спортын холбооны тамирчид уриалан дэмжиж, Монголын бүх ард түмэн, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болон бусад бүх байгууллагуудад Ерөнхийлөгчийн энэхүү зарлигийг хэрэгжүүлэх, иргэн бүр эрүүл байхад өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж, хувь нэмрээ оруулахыг уриалаж байна. Эрүүл Монголын иргэн шинэ Монгол улсыг жинхэнэ утгаар нь бүтээж чадна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар жил бүрийн тодорхой хугацаанд авах тестийг ард иргэдийн нас, бие бялдарын онцлогыг харгалзан судалгаа нотолгоонд тулгуурлан тогтоож, улмаар тэдгээрт тохирсон ачаалалыг өгөх замаар хүмүүсийн  хурд, хүч, уян хатан, тэсвэр, авхаалж самбаа гэсэн гол таван үзүүлэлтийг хэр хангаж байгаа ажлыг зохион байгуулах нь зүйтэй юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Биеийн тамир, спортын зөвлөлийг байгуулан ажиллуулж, бүрэлдэхүүнд нь ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч, тамирчин, спортын зүтгэлтэн, судлаач, эрдэмтэд, сонирхогч, нийслэл, орон нутгийн БТС-ын байгууллага, спортын холбоодын төлөөлөгч нарыг оролцуулан ажиллуулах, энэхүү зөвлөл нь биеийн тамирын асуудлыг судлан дүгнэлт гаргах, санал боловсруулах, нийгэм, хамт олонд үлгэр үзүүлэх төрөл бүрийн ажил, арга хэмжээ зохиох, нийтийг уриалах зэргээр ажиллах хэрэгтэй байна.
Ер нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх асуудал бүх нийтийн үйлс, хамтын ажиллаагааны үр дүнд хэрэгжинэ. Тиймээс нийт байгууллага, хамт олон, иргэд энэхүү ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжин ажиллах нь чухал юм.

Монголын оюутны спортын холбоо  

Уриалыг дэмжсэн байгууллагууд:
Монголын гандболын холбоо
Монголын хөнгөн атлетикийн холбоо
Монголын модон бөмбөгийн холбоо
Монголын даамын холбоо
Монголын олс таталтын холбоо
Мэргэжлийн сургалттай БТС-ын дунд сургууль
Үндэсний Биеийн тамирын дээд сургуудь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж