Сэлэнгийн сайн малчид шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн сайн малчид шагналаа гардлаа

Монгол Улсын Засгийн газар жил бүрийн цагаан сарын өмнөхөн тухайн жилийн Улсын сайн малчдыг шалгаруулдаг уламжлалтай. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгаас төрөн гарсан “Улсын сайн малчид”-ын хот гэрийг зорин очиж, шагналыг нь гардуулсан байна.

Сэлэнгэ аймаг улиран өнгөрч байгаа бар жилд хамгийн олон аваргуудыг төрүүлсэн амжилтаараа манлайлж байгаа. Энэ жил Сэлэнгэ аймгаас Жавхлант сумын Моностой багийн Ч.Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Ч.Баасанжав  нар “Улсын сайн малчин”-аар шалгарсан юм. Тэд удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан.  Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, сум, орон нутгийн хөгжилд тодорхой хандив туслалцаа үзүүлэх, нутаг орныхоо өрхийг малжуулах, ажлын байр бий болгох, залуу малчдад арга туршлагаа зааж сургах чиглэлээр нутаг усандаа манлайлсан зэрэг амжилтаар ийнхүү “Улсын сайн малчин” болсон юм.

Мөн энэ үеэр аймгийн төвөөс 300 гаруй км-ын зайд байрлах Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Цоохор морьтын нуруунаа өвөлжиж байгаа малчин Д.Жамсрангийнд хүрч, оны хамгийн олон төл бойжуулан авч “Алтан хурганы эзэн”-ээр шалгарсанд Сангийн сайд баяр хүргэж шагналыг нь гардуулсан юм. Д.Жамсран удам дамжсан сайн малчин бөгөөд  Увс аймгийн харъяат түүний хувьд Сэлэнгэ аймагт нутагт суурьшаад 11 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд баян хангайн уул ус, Сэлэнгэ нутгийн ард түмэнд талархаж явдагаа илэрхийлж байлаа.

Сангийн сайд С.Баярцогт шагнал гардуулах ажлынхаа зэрэгцээ Сэлэнгэ аймгийн орон нутгийн өвөлжилтийн байдалтай танилцаж явсан юм. Сэлэнгэ аймгийн хувьд нийт 17 суманд 49 багийн 7748 малчин өрхөд 1266,5 мянган буюу хонин толгойд шилжүүлснээр 2,3 сая мал өвөлжиж байна. Аймгийн нийт нутгаар 10 дугаар сараас хойш 8 удаа их бага цас орж, нийт нутгаар 5-18 см цасан бүрхүүл тогтсон байна. Цаг агаарын хувьд өнгөрсөн оны нөхцөл байдалтай ойролцоо байгаа бөгөөд малчинд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасны  дүнд өвөлжилтийн байдал хэвийн, малын хорогдолгүй байгаа тухай Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж