
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Европын холбооны 16 орны удирдлага Грекийн Засгийн газар өөрөө хүсвэл Засгийн газрын өрөө дарахад нь 40.5 тэрбум ам.долларын зээл олгож болно гэдгээ мэдэгдсэн. Олон улсын валютын сан үүн дээр нэмж, 13.5 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн. Грек, Испани, Португалийн эдийн засгийн хямралаас болж Европын эдийн засаг хямралаас гарах явц удааширч магадгүй гэсэн болгоомжлол эдийн засагчдад төрөөд байсан юм. Харин еврозоны орнуудын авсан арга хэмжээ илүү өөдрөг таамаглал дэвшүүлэх боломж олгож байгаа. АНУ-ын цахим технологийн компаниудын хувьцааг арилжаалдаг “Nasdaq” хөрөнгийн биржийн холимог хувьцааны индекс 3.82 хувь болж өссөн байна. Харин АНУ-ын Сангийн яамны 10 жилийн хугацаатай бондны хүү 3.88 байснаас 3.85 болж буурсан. Нью-Йоркын Меркантайл арилжааны бирж дээр түүхий газрын тосны үнэ 58 центээр буурч 84.34 ам.доллар болсон. Жижиг компаниудын “Russell 2000” индекс 0.3 хувиар өсөж 705.06 болсон бол Их Британий “FTSE-100” 0.1 хувиар өссөн. Германы “DAX” 0.1 хувиар өссөн бол Францын “CAC-40” 0.1 хувиар буурсан. Японы “Nikkei” хөрөнгийн биржийн хувьцааны арилжааны дундаж 0.4 хувиар өссөн байна. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр байдал ерөнхийдөө гэгээтэй цэлмэг байна.
Т.Санаа