Адебайор Тогогийн шигшээ багийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Адебайор Тогогийн шигшээ багийг орхилоо

Өнгөрөгч нэгдүгээр сард Анголд болсон Африкийн цомын тэмцээний үеэр Тогогийн шигшээ багийн сууж явсан аяллын автобус руу халдсан аймшигт халдлагын улмаас Африкийн хөлбөмбөгийн шилдэг тоглогч Эммануэль Адебайор олон улсын карьераа орхих шийдвэр гаргажээ. Того улсын шигшээ багийн ахлагч байсан Адебайор даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хоёр хүний аминд хүрсэн халдлагын ул мөр одоо ч сэтгэлд нь хадгалагдсан хэвээр байгаа учир улсынхаа шигшээ багийг төлөөлөн цаашид тэмцээн, уралдаанд оролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Би олон улсын хөлбөмбөгийн тавцанг орхих шийдвэр гаргах үнэхээр амаргүй байсан. Тэр халдлагаас олон хоног, сар сэтгэлийн шаналалаа давж гарах гэж хичээсэн. Гэвч Тогогийн шигшээ багийн автобус руу дайрсан тэр зэрлэг, аймшигт, эмгэнэлт явдлын гэрч нь болсны хувьд дэндүү их цочирдсон. Бид эх орноо төлөөлөн хөлбөмбөгийн тэмцээнд оролцох гэж явсан энгийн л хөлбөмбөгчид. Харин биднийг алах гэсэн хүмүүсийн халдлагад өртсөн. Би тэр аймшигт цаг мөчийг хэзээ ч мартахгүй, бас дахин хэзээ ч тийм зүйлтэй учрахыг хүсэхгүй байна” хэмээн ярьсныг “Манчестер Сити” клуб албан ёсны вэбсайтдаа мэдээлжээ.
Халдлагад өртөж, хоёр гишүүнээ алдсан Тогогийн шигшээ баг Африкийн цомын тэмцээнд оролцохоос татгалзаж, үүнийхээ төлөө 50 мянган ам.доллараар торгуулсан юм.  Адебайорын хувьд нэгдүгээр сарын сүүлчээр Англид эргэн ирж, “Сити”-гийн хамт Премьер лигийн эхний дөрөвт багтаж чадсан билээ. Тэрбээр анхлан 2000 онд улсынхаа шигшээ багийг төлөөлөн олон улсын тавцанд гарсан ба нийт 38 тоглолтод оролцож, 16 гоол оруулжээ.
2008 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон Адебайор “Тогод олон шилдэг, авьяаслаг тоглогчид бий. Харин тэд Анголд болсон хар дарсан зүүд мэт аймшгийг ардаа орхиж, цаашид улсынхаа шигшээ багийн төлөө өндөр амжилт гаргаасай гэж хүсч байна. Багийнхаа тоглогчид, дасгалжуулагч, бүхий л ажилчид тэдний гэр бүлийнхэнд итгэж, найдаж байна. Бид бүгд ахан дүүс. Анголд болсон харамсалтай явдлыг эс тооцвол надад үнэхээр сайхан дурсамж үлдсэн. Тогогийн хөлбөмбөгийн шигшээ багийг ахлах хүндэтгэлтэй үүрэг оноосонд бахархаж байна. Олон улсын тэмцээнд эх орноо удирдан оролцоно гэдэг ямар ч тоглогчийн хувьд ер бусын хүндэтгэл юм” гэжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж