Шашныхаа заншлыг сахицгаав

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Шашныхаа заншлыг сахицгаав

Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцсон 19 орны төлөөлөгчид дотор Малайз зэрэг ислам шашинт орны төлөөлөгчид цөөнгүй байсан юм. Исламыг хамгийн ариун цэвэрч шашин гэдэг. Тэд Төрийн ордонд, хуралдааны үеэр ч шашныхаа заншлыг сахицгааж, ариун цэврийг эрхэмлэж байлаа. Их, бага үдийн завсарлагаар хоолонд орохын өмнө ариун цэврийн өрөөнд орцгоон гутлаа тайлж, хөлөө угаан хүзүүнийхээ ороолтоор арчаад гарч ирцгээж буй исламчуудыг бусад орны төлөөлөгчид ихэд сонирхон харж байв. Бүсгүйчүүд нь толгойгоо алчуураар боож, эрчүүд нь дугуй малгай тавьсан тэд ингэж хүйтэн, зутруу, тав тухгүй орчинд ч цэвэрч байдлаа сахих гэж ихэд хичээж байв. Дараа дараагийн удаад олон улсын хурал хийхдээ шашны онцлогийг харгалзсан үйлчилгээ байлгах хэрэгтэй бололтой.

Мөн энэ өдрүүдэд Улаанбаатарт нэлээд хүйтэн байсан тул өмнө зүгийн халуун орноос ирсэн төлөөлөгчид Монголоос ноолууран хувцас худалдан авч шошгыг нь ч хуулалгүй өмсөцгөөсөн харагдлаа. Лаос бүсгүйчүүд туфлитэй гүйсээр хэд хонов. Гутал авч гурав хоног өмсөөд дахин хэрэглэхгүй болохоор гүрийхээр шийдсэн бололтой.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж