Гитлерийг хөнөөх гэж оролдсон хүний хөшөөг босгов

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Гитлерийг хөнөөх гэж оролдсон хүний хөшөөг босгов

Баден- Вюртембергийн  Кенигсбронн (Koenigsbronn) хотноо 1939 оны арваннэгдүгээр сарын 8-нд Мюнхены шар айргийн Бюргербройкеллер гэх бааранд Адольф Гитлерийг хөнөөх бүтэллгүй оролдлогыг хийсэн Георг Эльзер гэгч хүнд зориулсан хөшөөний нээлт энэ сарын 11-нд болжээ. Кенигсбронн хотод  Эльзер 1910-1925 онуудад амьдарч байсан юм.  Кортены болдоор бүтээгдсэн хоёр метрийн хөшөөг Георг Эльзерын Мюнхен руу явсан галт тэрэгний буудалд босгосон байна. Хөшөөг уран барималч Фридрих Франкович (Friedrich Frankowitsch) бүтээсэн ба түүнийг хандивын мөнгөөр босгожээ.
Эльзар мужаан хүн байсан ба 1925-1929 онуудад Констанцийн цагийн үйлдвэрт ажиллаж байв. Тэр нь хожим тэсрэх бөмбөгөө хийхэд нь тус болсон байна. Тэрээр антифашист үзэлтэн байсан ба гестапод баригдан байцаагдахдаа Гитлер Германыг шинэ дайнд татан оруулах нь тодорхой болсон учир түүнийг хөнөөхөөр шийдсэн гэж мэдүүлж байжээ. 1939 оны зун Георг Эльзер Мюнхенд ирээд жил бүр Шар айргийн самууныхаа ойгоор Гитлерийн үг хэлдэг шар айргийн баарны нэг багананд тэсрэх төхөөрөмжөө байрлуулахаар бэлтгэж эхэлсэн байна. Тэрээр баарны агуулахад нуугдан үйлдэж багананд нь тэсрэх төхөөрөмж байрлуулах нүх хийхдээ нэг сарыг зарцуулсан байна. 1939 оны арваннэгдүгээр сарын 8-нд түүний бэлдсэн бөмбөг яг цагтаа 21:20-д дэлбэрсэн боловч Гитлер тэндээс гарсан байжээ. Тэр өдөр Мюнхенд манантай байсан учир Гитлер онгоцоор биш галт тэргээр явах болоод 13 минутын өмнө тэндээс гарсан байв. Дэлбэрэлтэд танхим бараг бүрэн нурсан ба найман хүн алагдаж, 63 хүн шархадсан байв. Алагдсан хүмүүсийн долоо нь нацист намын гишүүд байсан ажээ.
Георг Эльзерыг Герман, Швейцарийн хил дээр барьж гестапод хүргэсэнгэнэ. Түүнийг Дахаугийн концлагерьт хорьж байгаад дайны сүүлчээр Гитлерийг хөнөөх оролдлогод холбоотой бүгдийг цаазал гэсэн фюрерийн тушаалаар 1945 оны дөрөвдүгээр сарын 9-нд дагзанд нь буудан хөнөөсөн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж