УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх гэж юм байдаг

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх гэж юм байдаг

-Та П.Алтангэрэл, С.Бямбацогт, Г.Занданшатар гишүүдтэй хамтран Таван толгойн ашиглалт, төмөр замын асуудлаар ерөнхий сайдад асуулга тавьж хариултаа бичгээр авсан гэсэн. Энэ асуудал нийгмийн анхааралд байна. Энэ талаар таны байр суурийг сонирхож байна.
-Тийм. Маш товчхон байр сууриа илэрхийлбэл “Хувийн мөнгөнөөс илүү улсын эрх ашиг” гэж байдаг юм гэж хэлмээр байна. Улсын эрх ашгийн тухайд тэр мухар төмөр зам тавих нь үндэсний аюулгүй байдал болон эдийн засгийн хувьд ихээхэн хохиролтой. Яагаад, энэнд чанартай мэдээлэл ч , хангалттай хуулийн үндэслэл ч бий.

-Тэгвэл Таван толгой, Энержиресурсын төмөр замын асуудлаар тус тусад нь тэр үндэслэлээ яриач.
-Таван толгойн ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Энэ улсын төсвийн хайгуулын зардал өнөөгийн ханшаар 250 сая ам.доллараас доошгүй гэдэг нь бараг тодорхой. Таван толгойн нөөц, коксжих нүүрс нь 1.78 тэрбум тонн, эрчим хүчний нүүрс нь 4.64 тэрбум тонн байна. Одоогийн байдлаар ийм боловч цаашид энэ нөөц 20-30 хувиар нэмэгдэх боломжтой. 1 тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ өнгөрсөн онд 150 орчим, энэ нүүрсийг боловсруулсан коксны үнэ 350 орчим доллар байсан. Манайхан өнгөрсөн жилийн тухайд урд хөрш рүү энэ нүүрсийг 1 тонныг нь үсрээд л 57 доллараар гаргасан байх. Өнгөрсөн  3 жилийн дундаж  үнэ 40 доллар хүрвэл их юм. Энэ нь манай нүүрсний хувьд урд хөршөөс өөр худалдан аваг ч одоогоор байхгүй, өрсөлдөөнгүй учраас  дэлхийн зах зээлийн үнийн бараг 3/1-ээр экспортлогдсонд оршино.

-Энэ үндэслэл, тооцоонуудаа жаахан  дэлгэрүүлнэ үү.
-Өнөөгийн дэлхийн зах зээлийн үнийн 3/1 орчмоор энэ ордыг ашиглах хугацаанд 1.78 тэрбум тонн нүүрсийг нэг тонныг нь 57 доллараар борлуулна  гэвэл 101.5 тэрбум долларын борлуулалтын орлого орохоор байна. Үүнээс 1тонн-оос 15 доллар буюу 27 хувийн ашигтай  гэвэл, нийт 27.4 тэрбум долларын ашигтай ажиллах болно. Хэрэв энэ коксжих нүүрсийг өмнөд хөрш болон хойд хөршид,мөн хоёр хөршөөр дамжуулан бусад орнуудад экспортлох нөхцөл бүрдвэл өрсөлдөөн үүсч  дэлхийн зах зээлд ойрхон үнээр гаргах боломжтой болно. Ингэхэд өнөөгийн гадаад зах зээлийн  150 доллараар борлуулна гэж үзвэл 267.0 тэрбум долларын борлуулалт хийж,  135 орчим тэрбум долларын ашиг олох боломж бүрдэнэ. Эндээс ойролцоогоор 4.5 дахин буюу 110 орчим тэрбум долларын илүүц ашиг орно. Энэ нь манай улсын ДНБ-ийн 5.5 тэрбум доллараас 20 дахин их хөрөнгө юм. Өшөө аж үйлдвэрийн парк байгуулаад гадаад худалдааны нэгдсэн бодлого баримталж  экспортолбол 1 тоннын борлуулалтын үнэ 200 орчим ам.доллараар нэмэгдэж, үүний борлуулалт нь 178 орчим тэрбум доллар, эндээс  ойролцоогоор 90 орчим тэрбум долларын ашиг манайд үлдэнэ гэсэн үг. Энэ орлого нөгөө иргэн бүрт өгөх 1.5 сая-ын амлалтын 2.6 орчим тэрбум доллараас 35 дахин их байна.Энэнээс гадна Монголын эдийн засагт асар их нэмүү өртөг үлдэнэ. Мөн металлургын үйлдвэр хөгжих боломж бүрэн нээгдэнэ. Гэхдээ энэ тооцоонууд нарийвчлал тийм сайн биш ч гэсэн нуруу бол байгаа.

-Ухаа худаг Таван Толгойн ордын нэг хэсэг юм бол УИХ-аар тэр гэрээг нь хэлэлцүүлэх ёстой юм биш үү.
-Хууль хэрэгжүүлдэгсэн бол тийм. Энержирессурсын Ухаа худгийн зөвхөн коксжих нүүрсний нөөц 252 сая.тн . Энэ нь нийт коксжих нүүрсний нөөцийн 14.2 хувь,  дээр нь хамгийн чанартай, зардал багатай олборлох хэсэг нь. Одоогоор энэ ордыг гадны компанид түрээсэлж 1 тонныг нь 57 доллараар гаргаж, 1 тонноос 8 долларын ашиг авахаар гэрээ хийсэн гэсэн албан бус мэдээлэл байсан.  1 тонноос гарах ашиг нь ойролцоогоор 15 орчим доллар гэвэл, 3.78 тэрбум долларын ашигтай. Энэ нь манай ДНБ-ийн 70 орчим хувьтай тэнцэнэ. Энэ ухаа худгийн  лицензийг 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа Энержи ресурс-д өгсөн. Уг хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордод төр 50 хүртэл хувийг  эзэмших, улмаар  тэр гэрээг нь УИХ-аар батлах заалттай. Нөгөө улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон Таван толгойн ордын лицензийг хурааж авлаа, энэ компанийн эзэмших хувийг 4-өөс хэтрүүлэхгүй гээд байсан, гэтэл 15 хувь болоод, бараг 4  дахин нэмэгдчихэж. Энэ нөгөө ам ажлын зөрөө байх аа. Энэ компани маань лицензийн төлбөрт 2006 оны байдлаар 714.82 мянган доллар төлжээ. Ашгийн 3.78 тэрбум долларын 35 орчим хувийг татварт төлнө гэж тооцвол, компанид үлдэх ашиг 2.46 тэрбум.дол болно.Хөрөнгө оруулалтыг хасаад 2 тэрбум долларын ашиг гэвэл өмнөх лицензийн төлбөрөөс 3600 дахин их тооцоо гараад ч байх шиг.    За энэ ч яах вэ буянаараа болог.Энэ компанийн буруу бишээ. Ер нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн  ордын лицензийг хүмүүс яаж ийж авчхаад байх юм.Тэгээд эсхүл дамлаж худалдаад эсхүл олон хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгоод тэрийг нь төр эргэж худалдаж аваад, бас зарим нь дарчхаад авах эзэн хайж яваад байх юм.Төр тэр компанитай хамтраад лиценцээрээ ордынхоо баялгийг үнэлж хамтарч хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож болно доо. Энэ лиценз тусмаа ашиглалтын лицензийг үнэгүй өгдөг орон ховордоо. Уг нь дамлан худалдаж байгаа орлого нь төрд орох ёстой юмаа. Зүгээр л энэ төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудаа нээлттэй уралдаант шалгаруулалтаар төр эзэмших хувиа авч үлдээд худалдмаар байна.Энэ нь шударга ёсонд нийцнэ. Хайгуул хийж,нөөц тогтоогоогүй мөртлөө лиценз авчихсан компаниудад зардлыг 5,10 дахин нугалаад, эсхүл тендерт 10,20 хувийн хөнгөлөлт өгч болно шүү дээ.

-Төмөр замын үнэгүй өгсөн лизенцийг юу гэж бодож байна.
-Хоёр ч билүү лицензийг 2008 онд компаниудад өгчихсөн. Гэтэл Төмөр замын тухай хуулийг 2007 онд баталсан. Энэ хуулинд нийцэхгүй байгаа. Энд  юу гэж заасан бэ гэхээр төмөр замтай холбоотой төрийн бодлогыг УИХ тогтооно, тэр тогтоосон бодлогыг Засгийн газар хөгжүүлнэ гэж заасан. Тэр УИХ-ын тодорхойлох бодлого нь ОУ-ын хэмжээний төмөр зам, улсын хэмжээний төмөр зам, бүсийн хэмжээний й төмөр зам, нийт төмөр замын сүлжээгээ тогтоох, эндээсээ Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой  төмөр замын суурь бүтцийн тухайд төрийн мэдэлд байлгах эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Гэтэл УИХ-аас ийм шийдвэр гаргуулалгүй таван толгойгоос гашуун сухайтын боомт хүртэл татах төмөр замын лицензийг Энержи ресурст зүгээр өгчихсөн.Энэ нь асуудал болоод байх шиг байна. Энэ нь мухар төмөр замаар зөвхөн өмнөд хөрш рүү манай ашигт малтмал зөөвөрлөгдөнө гэсэн үг. Эндээс гарах үр дагаврын талаар л маргаан гараад байх шиг байна. Энэ сэдвээр мэтгэлзэх нь ч зүйтэй. Энд өөрийн бодлыг хэлэх санаа байна.  Хэрэв Засгийн газар энэ чиглэлд төмөр зам барихаар шийдсэн юм бол энэ лицензийг үнэгүй өгөх нь утгагүй байсан. Шалтгаан нь зөөх ачаа нь бэлэн,тиймээс орд ашигласнаас ч илүү энэ төмөр замын тээврээр хөрөнгө оруулалтаа маш богино хугацаанд нөхөж ашиг олох боломжтой. Дээр нь энэ орлого ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс хамрахгүйгээр тогтвортой байх болно.Албан бус мэдээгээр 1 тонн нүүрсний тээврээс 5- 8 долларын ашиг унана гэж байгаа. Тэгэхээр Зөвхөн ухаа худаг биш, жижиг таван толгой, том таван толгой нүүрсээ энэ замаар жишээлбэл 500 сая тн-ыг зөөлөө гэж үзэхэд 4 тэрбум долларын орлог болох нээ дээ.Энийг батлаад энэ төмөр замыг барихад зориулж гаднын том банкнууд уралдаад зээл өгч байна.Хэрэв лицензээ үнэгүй өгөөгүй бол энэ  компанийн энэ төмөр замаас авах ашиг төрд орохоор байсан  нь харагдаж байгаа биз.  Эхлээд энэ зам төмөр зам байх нь дээр үү.эсхүл авто зам айх гэдгийг шийдэх. Миний бодлоор бол маш сайн авто зам байсан ч болох  л байх. Учир нь өмнөд хөрш  манай хилтэй 8 чиглэлээр өөрийн төмөр замын холбохоор бэлтгэл хийсэн гэсэн мэдээлэл бий.Энд нэг чиглэлд нь төмөр зам татаад өгчих юм бол бусдад нь адилхан байх ёстой болно.Өнөөдөр коксжих нүүрсээ түүхийгээр нь зөвхөн өмнөд хөршрүүгээ гаргах юм бол, хойд хөрш ч, 3 дэх хөрш  АНУ, Япон, Солонгос, Европын холбоо нь Монголоос түүхий коксжих нүүрс авах шаардлага байхгүй. Хятадаас боловсруулсных нь дараа коксоор авсан нь дээр. Тэр нь Хамаагүй ойрхон тээврийн зардал ч хямд тусна, нөгөө талаас дэлхийн хүн амын 14 орчимтой тэнцэх хүн амтай оронтой сайн харилцаатай байхыг хүсэхгүй орон гэж байх ёсгүй биздээ. Ганц жишээ хэлэхэд Өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид манай ноолуурын салбарыг бүрэн барьж байгаа. Нийт ноолуурын 70 хувийг самнасан ноолуур болгох хүчин чадалтай өмнөд хөршийн 65-100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулагдсан байна. Тэд ноолуурыг зах зээл дээрээс нь хямдхан авчхаад самнаад дэлхийн зах зээлээс 15 орчим доллараар хямдхан өөрийн орондоо экспортолж байна. Уг нь өмнө нь Монголоос самнасан ноолуурыг Англи, Итали, Япон бусад орнууд дэлхийн зах зээлийн ханшаар авдаг байсан. Тэгэхээр түүхий ноолуурын үнэ хямд байхаас өөр аргагүй байгаа биз. Энэ нь өмнөд хөршийн буруу биш ээ.

-Геополитик, даяаршил, интеграцчлал гэж ихэд ярих юм.
-Геополитик гэж газарзүйн байршлаа улсынхаа эрх ашигт нийцүүлж ашиглахыг хэлнэ байх.Дэлхийн түүхэнд дэлхийн интеграцийн бодлогод 5,6 орон л оролцож ирсэн. Тухайлбал АНУ, Хятад, Орос, Япон, Европын холбоо  байна. Монголын хувьд энэ интеграцийн бодлогыг өөртөө тустай байдлаар ашиглах боломжтой.Энэ нь хоёр хөрш, нөгөө 3 дахь ч хөршүүдтэйгээ харилцах бодлого бага ч гэсэн ялгаатай байх ёстойг  хэлээд байна. Монголын хувьд 2 хөршийнхөө аль нэгнээс эдийн засгийн хэтэрхий их хараат байх нь зохимжгүй. Өнөөдрийн байдлаар илэрхий хараат болсныг бид мэдэж байгаа.   Хараат болохгүйн тулд энэ 3 дэх хөршүүдийн хөрөнгө оруулалт чухал.  Өмнөд хөршийн хувьд өнөөдөр дэлхийн хэмжээнд нэр хүнд нь өсч байна. Энэ нь ч тэдний бодлого. Тиймээс ашигт малтмалаа боловсруулж гаргасан нь дээр үү эсхүл зах зээлийн эдийн засгийн эд бэлтгэлийн орон байх уу гэдгээ шийдмээр байна. Энэ талаар  дээр ядахдаа хоёр орноор дамжуулж косжих нүүрсээ экспортлоход дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах боломж нээгдэх болон боловсруулаад кокс үйлдвэрлэж экспортлохын эдийн засгийн ач холбогдлыг дээр хангалттай дурьдсан. Ер нь ямарч түүхий эдээс илүү улс орны хөгжилд, дэд бүтэц,эрчим хүчний нэгдсэн бодлого амин сүнс нь байдаг.Тиймээс энийгээ хурдан хэрэгжүүлмээр байна.Энэ Бараг өнгөрсөн бороо болчих гээд байна. Боловсруулах аж үйлдвэрийн парк барихдаа 2 хөршийн болон 3 дахь хөршийнхөө хөрөнгө оруулалтыг хамтатган татах ёстой.Үндэсний компаниудаа ч аль болох сайн оролцуулах хэрэгтэй.
Эндээс Ашигт малтмалаа түүхийгээр нь зөөж болохгүй. Хэрэв аль нэг төмөр замаар зөвхөн өмнөд хөршрүү зөөж эхлэх юм бол бусад боомтуудаар ч түүхийгээрээ урсах болно_.Үүнийг зогсоох боломжгүй болно. Хэрэв Монголын хаа нэгтээ боловсруулах аж үйлдвэрийн  парк байгуулбал Хятад, Оросын хөрөнгө оруулалт аяндаа ороод ирнэ. 3 дахь ч хөршүүд ч хөрөнгөө ухаан тас оруулаад ороод ирнэ. Ингэснээр Монгол улсын үндэсний  эдийн засгийн аюулгүй байдал баталгаажна гэж хэлж болно биздээ.
Дахин хэлэхэд хэрэв коксжих нүүрсээ боловсруулахгүй зөвхөн урагшаа экспортлоод  эхэлбэл манай боловсруулах аж үйлдвэрт бараг л гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй болов уу. Өмнөд хөрш рүүгээ хямдхан гаргасаар байгаад л дуусна. Иймд улстөрчид Монгол улсыг хөгжүүлж сүйд болдоггүй юмаа гэхэд  хойч үедээ  Монголоор нь үлдээмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж