Пепе Рейна “Ливерпуль”-тэй зургаан жилийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Пепе Рейна “Ливерпуль”-тэй зургаан жилийн гэрээ байгуулав

Премьер лигийн шилдэг хаалгачдын нэг 27 настай Пепе Рейна 2016 оны улирлыг дуустал “Улаанууд”-ын хаалгыг сахихаар гэрээ байгуулсан байна. “Шинэ гэрээ байгуулсандаа сэтгэл хангалуун байна. Дахин зургаан жил Ливерпультэй хамт байх болсон нь миний хувьд туйлын таатай хэрэг. Би болон миний гэр бүлийнхэн Англид амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Ливерпульд тоглоно гэдэг үнэхээр онцгой. Би энд таван жилийг өнгөрүүлсэн, дахин зургаан жил тоглоно гэхээр сэтгэл догдолж байна” хэмээн Рейна ярьжээ.
2005 онд Испанийн “Вильяреал” клубээс “Ливерпуль”-д ирсэн Рейнагийн гэр бүл Мерсисайдад тохилог, амар тайван амьдарч байгаа учир тэр гэрээгээ сунгаж, шинэчлэхдээ баяртай байсан гэнэ. Тэрбээр “Миний хайртай хүмүүсийн хувьд Мерсисайдад амьдрах нь сайхан санагдаж байгаа. Гэр бүл маань надад юунаас ч эрхэм. Анх Англид ирсэн цагаас эхлээд л эхнэр маань эндхийн амьдралд хурдан дасан зохицож, аз жаргалтай байгаагаа хэлдэг байлаа. Хүүхдүүд маань ч ялгаагүй, британи аялгаар хүртэл ярьж сурсан шүү. Үнэхээр бахархууштай” гэжээ.
Дашрамд сануулахад, Рейнагаас гадна “Ливерпуль”-ийн супер одод болох Стивен Жеррард, Фернандо Торрес, Даньель Аггер болон Дирк Кьют нар урт хугацааны гэрээ байгуулсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж