Япон санхүүгийн хямралд өртөж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Япон санхүүгийн хямралд өртөж болзошгүй байна

Япон санхүүгийн хямралд өртөж болзошгүй байна
Грекийн санхүүгийн хямрал бүхний анхаарлын төвд байгаа. Харин Япон түүнээс дутахгүй нарийхан санхүүгийн олсон дээгүүр явж байна. Засгийн газрын өр нь аж үйлдвэржсэн өөр ямар ч улсуудаас хамгийн өндөр байгаа бөгөөд хэрвээ санхүүгийн зарцуулалт, төсвийн байдал нь одоо байгаа чигээрээ үргэлжлэх юм бол ирэх жил гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ /ДНБ/ хоёр дахин их болно гэж үзэж байна. 2010 оны нэрлэсэн ДНБ нь 475 триллион бөгөөд Засгийн газрын өр нь тун удахгүй 950 триллион иен хүрэх төлөвтэй байна. Энэ нь Япон хүн тус бүрд 7.5 сая иений өр ноогдоно гэсэн үг юм.
Эдийн засаг нь эмзэг байдалд байгаа бөгөөд гуравдугаар сард батлагдсан санхүүгийн жилийн төлөвлөгөөгөө гүйцэд санхүүжүүлж чадахгүй гэж Японы зарим эдийн засагчид үзэж байна. Японы орлого 2010 оны санхүүгийн жилд 37 триллион иен, харин зарлага нь 44 триллион иен байна. Төсөвтэй харьцах өрийн харьцаа 50 хувь хүрээд байна. Хэрвээ Японы засгийн газар нэмэлт бонд гаргахгүй юм бол 2011 он гэхэд дампуурах болно гэж эдийн засагчид сануулцгааж байна.
2009 оны хүнд хямралаас мөлхөн гарч байгаа хэдий ч Японд дифляци /бараа бүтээгдэхүүний үнэ нь хэт хямд болж үнэгүйдэх/ газар аваад байгаа бөгөөд дотоодод нь эрэлт бага байна. 1990-ээд оны эхээр үнийн хөөс нь хагарснаас хойш Япон олон жилийн туршид дифляцын спиралаар явж байгаа. Энэ нь компаниудын орлогыг бууруулж, удахгүй бүр хямд болох болно гэсэн итгэл хэрэглэгчдэд нь төрүүлээд байгаа юм. 1990-ээд оны “алдагдсан арван жил”-ийн туршид болон 2008 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралыг давах ажлын хүрээнд эдийн засгаа сэргээх гэж олон арга хэмжээ авсны зардалд засгийн газрын өр хуримтлагдсан юм.
“Standard & Poor” компани нэгдүгээр сард Японы засгийн газрын бондны үнэлгээний төвшинг бууруулж магадгүй гэж анхааруулсан. Хэрвээ тэгвэл Японы засгийн газрын зээлжих чадварт нөлөөлж, зээлийн хүүг нь өсгөх болно. Японы Засгийн газрын бондыг Японы шуудангийн банк гэх мэт хэтэвч асар зузаантай хувийн хэвшлийнхэн авдаг нь 1990 оных шиг огцом хямралд орохгүй байхад нь тусалж байгаа юм.
“Япон Грек шиг хямралд орохгүй хэдий ч түүнтэй төстэй зээлийн хямралд орох эрсдэл бодитой байна. Японы бонд хэзээ хад мөргөхийг хэлж мэдэхгүй ч Япон бондоо төлж чадахгүй болох төвшинд дөхсөөр байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм” гэж хөрөнгө оруулагчид ярьж байна. Харин зарим эдийн засагчид нөхцөл байдлыг илүү өөдрөгөөр харж байна. “Nomura Securities” компанийн эдийн засагч Takehide Kiuchi “Дэлхийн хоёрдугаар дайны дараа Их Британий засгийн газрын өр 260 хувь хүрч байсан ч Их Британи зээлийн хямралд ороогүй” гэж жишээ татаж байна. 2001 оноос хойших хугацаанд Японы эдийн засгийн өсөлт 2004 онд 2.7 хувьд хүрч дээд хэмжээндээ хүрч байсан. 2008 онд Японы эдийн засаг 1.2 хувиар агшсан бол өнгөрсөн жил 5.2 хувиар агшсан.
Ерөнхий сайд Yokio Hatoyama-гын төв-зүүний чиглэлтэй засгийн газар Японы эдийн засгийг хоёр хувьд хүргэж, байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх тухай шинэ стратегиа зургаадугаар сард зарлахаар төлөвлөж байна.
Т.САНАА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж