
Монгол Улс Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системийн “сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн GSP+” хөнгөлөлтөд 2005 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хамрагдаж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд татваргүй нэвтрүүлэх эрхтэй болсноор худалдааг нэмэгдүүлэх таатай боломж бүрдсэн. Тиймээс хоёр улсын сайд нарын уулзалт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаан дээр төвлөрч байсан юм. Уулзалтын дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө Португалийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлаад буцсан. Одоо Италиас 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ажиллаж байна. Бидний анхаарлаа хандуулж байгаа гол зүйл бол гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр юм. Европын шинэ ноу-хауг оруулж ирэхэд анхаарч байна. Энэ удаагийн Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдтай хийж байгаа уулзалт бол хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог” хэмээн ярилаа.
Б.Анхаа