15 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

15 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр өрөөндөө Европын холбооны Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Майкл Пульш, хоёрдугаар нарийн бичгийн дарга Засаглал нийгмийн харилцаа болон Монголын талыг хариуцсан  хэлтсийн дарга Маттиас Реузинг, Хөгжил хамтын ажиллагааны хэлтсийн менежер Винчензо Колларино нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Европын норм стандарт болон Европын холбооноос Монголд үзүүлэх 15 сая еврогийн төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон байна. Дэд тэргүүн Майкл Пульшийн хувьд Бээжин дэх төлөөлөгчийн газар 4,5 жил ажиллаад эдүгээ нутаг буцаж байгаа бөгөөд очоод Монголын талыг хариуцсан салбар хэсэг дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрээр Европын холбооны 15 сая еврогийн төсөл хөтөлбөрийг Монголд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Сайн засаглал хоёр чиглэлээр зарцуулахаар ярьж байгаа аж.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг сайн засаглалын чиглэлээр зарцуулах найман сая еврог олон чиглэлд хуваавал хүн ам газар нутаг тархай манай улсын хувьд тарамдах байдал үүсч болзошгүй юм. Мэдээж сайн засаглал төрийн механизмыг сайжруулахад хийх зүйл их байгаа ч энэ удаадаа нэг чиглэлээ баривал илүү үр дүнтэй байж болох талтай хэмээн саналаа хэллээ. Европын холбооныхны хувьд Тэргүүн шадар сайдын хэлсэн саналыг хүлээж авч байна. Иймэрхүү зөвөлгөө үнэхээр шаардлагатай байна хэмээгээд энэ талаар судалж үзэхээ амаллаа.

Харин  МСҮТ-д зарцуулах долоон сая еврогийн хувьд Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарч байгаа тул монголчуудыг мэргэжлийн өндөр зэрэгтэй сураад шууд ажил дээр гарах мэдлэг чадвартай болгох сургалтын хөтөлбөрт зарцуулах бодолтой байгаа гэсэн саналыг Тэргүүн шадар сайд дэмжиж байгаагаа хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж