Сүнсэн шувууны ертөнц нээлтээ хийв

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Сүнсэн шувууны ертөнц нээлтээ хийв

Нэрт соён гэгээрүүлэгч, философич, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, тамирчин Шри Чинмой агсны “Жарна Кала” буюу “Оргилуур урлаг” уран зургийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Түүний “Оргилуур Урлаг” үзэсгэлэн нь НҮБ, ЮНЕСКО, АНУ-ын Сенатын ордон, Канадын үндэсний галерей, Лондон дахь “Молл” галерей зэрэг дэлхийн олон орны томоохон үзэсгэлэнгийн танхимуудад гарч байсан юм. Анх 1974 оноос эхлэн зураг зурж эхэлсэн түүний урын санд 150 мянга гаруй бүтээл бий. 1991 оноос хүний дотоод сэтгэлийн эрч хүчийг илэрхийлсэн 15 сая гаруй сүнсэн шувууны зураг зуржээ. Түүний бүтээсэн уран зургууд зүрх сэтгэлийнх нь гүнээс ундран гарч, эвсэг нэгдмэл байдал, хүүхэд насны баяр баясгаланг илтгэдэг ба өнгө будгийн зохицол, эрч хүч дүүрэн байдаг юм. Бясалгал, гүн ухаан, дотоод сэтгэлийн амар амгалан байдлаар амьдралыг танин мэдэж, түүнийгээ дуу, хөгжим, уран зураг, шүлгээр илэрхийлдэг байжээ. Тиймдээ ч “Амьдрал хэмээх аргамж торноос чанад дээгүүр галт шувуун сүнс минь хязгааргүйгээр жигүүрлэн ниснэ” гэж хэлсэн байдаг. Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд сэтгэлийн амирлангуйг  мэдрэхийг хүсвэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг зориорой.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж