Азид хамгийн өндөр төрийн далбаа хаачив

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Азид хамгийн өндөр төрийн далбаа хаачив

УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Төв цэнгэлдэхийн өмнөх талбай дээр Азид хамгийн өндөр төрийн далбааг мандуулж монголчууддаа бэлэг барьсан билээ. Монгол хүний эх оронч үзэл, үндэсний бахархлыг сэргээх эрмэлзлэлээр Турк улсад захиалж, 100 гарруй мянган ам.доллараар бүтээсэн Монгол Улсын төрийн далбааг Зайсан толгойд мандуулахаар газар гуйсан боловч хотын захиргааныхан хөдөлж өгөлгүй жил болсон тул Азидаа хамгийн өндөрт тооцогдох 50 метр өндөр суурьтай, 20 гаруй метрийн өргөнтэй төрийн далбаа Төв цэнгэлдэхийн үүдийг “манах” болсон юм. Гэвч улсын баяр наадмын өмнөхөн суурийг нь цутгаж босгосон төрийн далбааны өргөгч моторыг наадмын дараахан манай урт гартнууд тоноод алга болсон.
Сонгуулийн дараа Бээжингээс 25 сая төгрөгөөр шинэ мотор авчруулан засварласныхаа дараа Р.Эрдэнэбүрэн гишүүн /мань хүн тэр үед УИХ-ын гишүүнийхээ сэнтийгээс буучихаад байсан үе/ төрийн далбааг харж хандах эзэн түшүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч, тамгын газрынхан үүнийг нь 70 сая төгрөгөөр үнэлэн өөрийн өмчид бүртгэж авсан байдаг. Гэвч өнөөдөр бас л Азидаа хамгийн өндөрт мандаж байх учиртай Монгол төрийн далбааны оронд тэнгэр баганадсан ган төмөр шон л ёрдойж байна. Учрыг асуувал төрийн далбаа өнгөрсөн зун, намар, өвөл, хаврын аяыг даалгүй урагдаж гэмтсэн гэнэ. Тиймээс ”шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдэг ёсоор экс гишүүн Р.Эрдэнэбүрэн далбааны сэлгээг дахин захиалж авчруулжээ. Харин Хан-Уул дүүргийн дарга нар өөр хоорондоо тамгаа булаалдаад, төрийн далбаагаа мандуулах завгүй яваа бололтой.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж