
Өчигдөр хуралдсан МАХН-ын бага хурлын үдээс хойшхи хуралдаанаар тус намын Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонссон. Харин энэ мэдээлэлд МАХН-ын дарга асан С.Баярын гаргасан өргөдлийн тухай дурдаагүй байна. Учир нь Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг хэлэлцээгүй байгаа аж. МАХН-ын дарга асан С.Баяр Хяналтын ерөнхий хороонд өргөдлөө өнгөрсөн баасан гаригт гаргасан. Түүний өргөдлийн дагуу Хяналтын ерөнхий хороо өнгөрөгч 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-ын сонгуулийн штабад ажилласан хүмүүс болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, намын дарга асан С.Баяр нарыг дуудаж мэдээлэл авах юм байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуульд ялагдсаныхаа дараа “МАХН-ын дарга С.Баяр нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан, сонгуулийн санал хураалтын дүнг засварлаж өөрийг нь ялагдуулсан” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацсан боловч намынхаа Хяналтын ерөнхий хороонд энэ асуудлыг шалгуулахаар нэг ч удаа хандаагүй юм байна. Тиймээс намын дарга асан С.Баяр дээрх мэдээллийг нь шалгуулж, үнэн худлыг тогтоолгохын тулд өнгөрсөн баасан гаригт МАХН-ын Хяналтын ерөнхий хороондоо өргөдөл гаргажээ.
Б.ЗАЯА