Гишүүд банкны салбарт анхаарлаа хандуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Гишүүд банкны салбарт анхаарлаа хандуулав

Гишүүд банкны салбарт анхаарлаа хандуулав
Дэлхийн банк, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголбанкнаас эрхлэн “Монгол Улсын банкны салбарын бүтцийн өөрчлөлт” сэдэвт уулзалтыг УИХ-ын гишүүдийг оролцуулан өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Дэлхийн санхүү, эдийн засгийн өнөөгийн хямрал Монгол Улсыг тойроогүй.  Харин ч ихээхэн хүндрэл учрууллаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн баланс алдагдалд орж, банк, санхүүгийн зах зээлд  хөрөнгө дутагдан бодит эдийн засагт сөргөөр нөлөөллөө”.  Эдийн засгийн өсөлт 2008 оны сүүлчээс саарч, 2009 онд 1,5 хувийн бууралттай гарлаа. Хямралын үед банкинд итгэх итгэлийг алдагдуулахгүй тулд  иргэд, байгууллагын хадгаламж, харилцах дансанд төрөөс баталгаа гаргасан.
Олон улсын валютын сантай тусгай хөтөлбөр, тохиролцоотой ажилласны үр дүнд хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн байгууллагууд бидэнд ихээхэн тусалсан. Үнэндээ бид хамтын хүчээр өнөөгийн хүндрэлийг давж байна.
Өнгөрсөн оны сүүлчээс дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэж эхэлсэн. Манай хоёр хөрш, ялангуяа урд хөршийн дотоод зах зээлийн багтаамж нэмэгджээ. Энэ боломж нөхцлийг сайтар ашиглах хэрэгтэй гэж бид үздэг. Дотооддоо Монгол Улсын үндэсний орлого, экспортын зонхилох хувийг эзэлдэг байгалийн баялаг, түүнчлэн ноолуур зэрэг мал аж ахуйн түүхий эдийн үнэ, ханш харьцангуй хурдан сэргэж байгаа нь бидэнд өөдрөг сэтгэл төрүүлж байна. Уул уурхай болон эдийн засгийн зарим салбаруудын өсөлтийг дагаж эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх болов уу гэж найдаж байна. Ийнхүү бидэнд энэ онд тавьсан зорилтоо хэрэгжүүлэх тааламжтай орчин бүрдэж байна.
Гэхдээ бидний ярилцах гэж буй банкны салбар хүндрэлтэй байна. Арилжааны банкууд хөрөнгийн хомсдолтой, банкны зээлийн хүү бодит эдийн засгийг дэмжих төвшинд хүрээгүй байна.
Бидний анхаарал татаж буй зүйл гэвэл:
  • Хямралын үед бидний хийсэн судалгаагаар юуны өмнө банкинд бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүргэв. Ер нь банк, санхүүгийн найдвартай тогтолцоо юу юунаас чухал гэдгийг хямрал харуулсан юм.
  • Банкуудын зээлийн чанарт үнэлгээ хийж, зээл төлүүлэх, банкны салбар дахь ажил, үйлчилгээний өртөг зардлыг хямдруулах, тэдний дотоод хяналтыг эрс сайжруулах, чадавхийг нь дээшлүүлэхийг зорьж байна. Төв банкинд ч, улсын төсөвт ч арилжааны банкуудыг дэмжих хангалттай хөрөнгийн эх үүсвэр хуримтлагдаж чадаагүй, одоо ч дутагдаж байна.
  • Ийм бэрхшээлийг давахын тулд хөрөнгийн хуримтлал, гадаад валютын нөөцийг урдаас бүрдүүлж, хүнд үед оновчтой ашигладаг Азийн зарим орнууд болон Чили улсын туршлага бидний анхаарлыг татаж байгаа.
  • Эдийн засгийн өсөлт хэвийн, мөнгөний нийлүүлэлт хангалттай байх үеийн мөнгөний бодлого ямар байх талаар сайтар хэлэлцэх шаардлага байна.
  • Бид банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлтийг хийж байна. Арилжааны болон төв банкны хуулийг шинэчилж батлав. Эдгээр хуулийн хүрээнд банкуудын эзэд, хувь нийлүүлэгчид болон удирдлагын үүрэг хариуцлагыг улам өндөржүүлэх, үйл ажиллагааных нь ил тод байдлыг хангах, төв банкны хяналтыг чангатгах ажлыг зохион байгуулж байна. Мөн Улсын Их Хурал төсвийн тогтвортой байдлыг хангах, үнэт цаасны хуулийг боловсронгуй болгох, хадгаламж зээлийн хоршоод, хөрөнгө оруулалтын сан, төлбөр тооцооны зэрэг хууль тогтоомжийг дахин авч үзэхээр бэлтгэж байна.
  • Мөнгө, төсвийн бодлогын уялдааг хангах, хөрөнгө оруулагчид, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкны үйл ажиллагаанаас үүсэлтэй эрсдлийг гаргуулахгүй, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх нь нэн чухал байна” гэлээ.

Уулзалт дээр ОУВС-гийн зөвлөх Карл Линдгрен, Матс Жосефсон, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар илтгэл тавьж, УИХ-ын гишүүдтэй санал бодлоо солилцлоо.

Уулзалтын ажиллагаа маргааш үдээс өмнө “Чингис” зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж