Олс таталтын ААШТ-ээс манай бүсгүйчүүд мөнгөн медаль хүртлээ. БНСУ-ын Данжин хотод энэ сарын 7-нд эхэлсэн олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд ази тивийн 14 орны эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 500 кг-д оролцсон Монголын шигшээ багийн тамирчид өнөөдрийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, дөнгөж сая мөнгөн медалийн болзол хангаад байна. Манай тамирчид хэсгийн тэмцээнд Малайз, Вьетнам, Сингапурыг ялж, хагас финалд БНСУ-ын багийг ялсан бол алтан медалийн төлөөх барилдаанд Тайванийн шигшээ багт ялагдсанаар мөнгөн медаль хүртээд байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн 500 кг-ын жинд Тайвань, Монгол, Вьетнамын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн 600 кг-ын жинд мөн л Тайванийн шигшээ баг тэргүүлж, Япон, Малайзын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. Сануулахад, хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээнээс манай эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Энх