Хамгийн олон хувь борлогдсон шилдэг тоглоомууд

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Хамгийн олон хувь борлогдсон шилдэг тоглоомууд

10.“Tom Clancy”
“Ubisoft”-ын бүтээл уг тоглоом 1998 оны наймдугаар сарын 21-нд анх худалдаанд гарсан бөгөөд нийт 56 сая хувь борлогджээ. “Splinter Cell”, “Rainbow Six” болон “Ghost Recon” цувралууд нь одоо ч тоглоом сонирхогдчын анхаарлыг татсаар байна. PC, PS3, Wii, Xbox-360 тоглоомын консол болон гар утсанд зориулсан хувилбар нь ч байдаг.

9. “FIFA”
“Electronic Arts” студийн бүтээл хөлбөмбөгийн цуврал тоглоом. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсны эрх авсан анхны хөлбөмбөгийн сэдэвт тоглоом бөгөөд анх 1993 оны зул сарын баяраар худалдаанд гарч, өдийг хүртэл 66 сая хувь борлогдсон байна.

8. “TETRIS”


ОХУ-ын компьютерийн инженер Алексей Леонидович Пажитнов санаачилж, зохион бүтээсэн бөгөөд 1985 оны зургадугаар сард худалдаанд гарснаас хойш 70 сая орчим хувь худалдаалагджээ.

7. “Madden NFL”
АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн домогт тамирчин Жон Маддений нэрээр нэрлэгдсэн, “Electronic Arts” компанийн бүтээл америк хөлбөмбөгийн тоглоом. 1988 онд анх худалдаанд гарсан бөгөөд 70 сая хувь борлогдсон аж.

6. “Grand Theft Auto”

“GTA” тоглоомын цувралыг Дейв Жонс бүтээсэн бөгөөд “Rockstar Games” олны хүртээлд хүргэжээ. 1997 онд анх худалдаанд гарсан бөгөөд 72 сая гаруй хувь зарагджээ.

5. “Need for Speed”

“Electronic Arts”-ын уралдааны төрлийн шилдэг тоглоом. Тоглоомын интерфейс, дизайн болон тоглоомын бусад зүйлс нь тоглоомчдын сонирхлыг татдаг. 1994 онд худалдаанд гарснаас хойш 80 сая хувь борлогдсон бөгөөд “Need for Speed Underground” хувилбар нь хамгийн олон хувь зарагдсан байна.

4. “Final Fantasy”

Хиноробу Сакагучигийн санаачлагаар “Square Enix” компанийн бүтээсэн тоглоом. 1987 оны арванхоёрдугаар сарын 18-нд худалдаанд гарч, 82 сая гаруй хувь борлогджээ.

3. “The Sims”


Видео тоглоом зохион бүтээгч Вилл Райтын бүтээсэн амьдралын хэв маяг бүхий стратегийн тоглоом. Гурван үндсэн хувилбартай бөгөөд хувилбар бүр нь тусдаа олон төрөлд хуваагддаг. 2000 оны хоёрдугаар сарын 4-нд худалдаанд гарсан бөгөөд нийт 100 сая хувь худалдаалагдсан аж.

2. “Pokemon”
“Nintendo” компанийн “Game Boy” хэмээх зөөврийн тоглоомын консолд зориулан Японы иргэн Сатоши Тажири 1995 онд санаачлан бүтээж байжээ. 1996 оны хоёрдугаар сарын 27-нд анх худалдаанд гарсан бөгөөд нийт 175 сая хувь зарагджээ.

1. “Mario”


“Mario” тоглоом анх хэрэглэгчдийн хүртээлд хүрснээс хойш 200 гаруй хувилбартай болж, тэлсэн байна. Тоглоомын гол дүр болох Мариог Японы видео тоглоом зохион бүтээгч Шигеру Миямото бүтээсэн бөгөөд өдгөө “Nintendo” компанийн үндсэн брэнд болсон алдарт тоглоом билээ. 1981 онд анх худалдаанд гарч, өдгөөг хүртэл дэлхийн хэмжээнд нийт 200 сая хувь худалдаалагджээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж