“Банкны бүтцийн өөрчлөлт” улстөрөөс ангид явах ёстойг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“Банкны бүтцийн өөрчлөлт” улстөрөөс ангид явах ёстойг зөвлөв

Жижигхэн Монголыг маань дэлхийд нэртэй экспертүүд голсонгүй. Дугаарлавал эхний тавд багтах эдийн засагчид өнөөдөр Монголбанкин дээр ирж, банк санхүүгийн салбарын асуудлаар санал бодлоо солилцож лекц уншлаа. Дэлхийн банкны дэмжлэгээр зохион байгуулсан “Банкны бүтцийн шинэчлэлт дэх бусад улсуудын туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт нэрт эксперт Карл Лингрен, Матс Жосефссон, Энгин Акчакожа нар оролцож лекц уншсан юм.
1997 оны Азийн санхүүгийн хямрал болон Европ, АНУ-д гарч байсан банкны салбарын бусад хямралуудын үед авсан сургамжууд нь Монгол Улсыг банкны тогтолцоогоо сэргээхэд чиг баримжаа өгнө гэдэг үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Монгол Улсын Засгийн Газар, Монгол Банкнаас  УИХ-д өргөн барих “Монгол Улсын банкны бүтцийн өөрчлөлтийн стратеги”-ийг эцэслэн боловсруулах шатандаа ажиллаж байгаа билээ. Энэхүү стратегийг улстөрийн нөлөөнөөс ангид байдлаар боловсруулан батлахын чухлыг экспертүүд онцолсны сацуу хэрэгжүүлэх шатанд ч улстөрчдөөс аль болох хол байхыг сануулав. Олон улсын мэргэжилтнүүд УИХ-ын гишүүд болон  удирдах дээд албан тушаалтнуудтай  банкны бүтцийн өөрчлөлтийн талаарх туршлагаа хуваалцах юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж болон арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлага, мэргэжилтнүүд, эдийн засагчид, боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед удирдан явуулсан. Гадаадын экспертүүдийн зүгээс “Хэдийгээр бид Монголд ирээд хоёрхон хонож байгаа ч бидэнд өгсөн мэдээллээс дүгнэхэд танай улсад банк, санхүүгийн хямрал гэхээсээ илүү хүндрэл нүүрлэсэн байна. Ийм нөхцөлд тохирсон арга хэмжээг яаралтай авч банкны салбарт бүтцийн өөрчлөлтийг оновчтой аргаар явуулах ёстой. Эс тэгвээс зардал улам илүү хэмжээгээр гарах болно” гэсэн товчхон дүгнэлтийг хэлж байлаа. Д.Цээпил 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж