NBA-ын “Шарлотт Бобкэтс” лхагва гаригийн тоглолтод 104:103 харьцаагаар “Нью-Орлеан Хорнетс”-ийг хожсоноор анх удаагаа плей-оффт өрсөлдөх эрхтэй боллоо. Зургаа дахь жилдээ Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигт тоглож буй “Бобкэтс” ийнхүү анх удаагаа дорно конференсийн шилдэг наймд багтаж, плей-оффын шатанд өрсөлдөх болж байна. Тэд улирлын 82 тоглолтоос одоогийн байдлаар 78 тоглолт хийж, 42 хожил авсан юм. Тоглолтын туршид Аугустин 14 оноо авч, тоглолт эцсийн шүгэл дуугарахаас 16 секундын өмнө гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэснээр багтаа ялалт авчирчээ. Тэрбээр тоглолтын дараа “Үнэхээр сайхан жил байна. Бобкэтс түүхэндээ хэзээ ч плей-оффт тоглож байгаагүй. Одоо бид плей-оффт тоглохдоо анхаарлаа хандуулж, плей-оффын нэгдүгээр шатнаас цааш амжилт гаргахыг хүсч байна” гэжээ.
С.Цэлмэг