
Тэд бүгд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч багц хуулийн төслүүдэд анхаарах зүйлийн талаар тодорхой саналууд хэлсэн билээ. Тухайлбал шүүн таслах ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдэд шүүхээр үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох, шүүхийн шийдвэр вэб сайтад тавигддаг байх, санхүү, эдийн засгийн хувьд бие даах нөхцлийг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог өөрчлөх асуудлуудыг багц хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй. Мөн шүүхийн бүтэц, хүн сонголт, шүүх арга ажиллагааг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа хяналтын шүүхээс дэндүү хариуцлагагүй байдал ажиглагддаг. Дээд шүүх хуулиас хэтэрхий давсан тайлбар гаргадгийг болиулмаар байна. Үйл баримтыг тогтоох асуудалд хөндлөнгийн шинжээч хэтэрхий оролцож байна. Хэргийн менежмент муугаас шүүхийн нэр хүнд унаж байна. Шүүхийн шийдвэр яаж гарч байгаа, үндэслэлээ хэрхэн нэгтгэж буй зэрэг нь ойлгомжгүй байна. Шүүхийн давхардлыг арилгах, шүүх хоорондын хараат бус байдлыг чухалчлах, процессын хуулиудаар хэргийг шийддэг байх, хууль хоорондын уялдааг хангах, мэтгэлцээн өнөөгийн чиг хандлага болж буйг анхаарах, шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын өнөөгийн бүтэц, эрх үүргийн хуваарь, шүүгч, өмгөөлөгч, прокуроруудын ажлын арга барил, хууль, нэр томьёоны хоцрогдол зэрэг нь шүүх засаглалын нэр хүндийг унахад нөлөөлж байна. Шүүгчдийн хамтын нийгэмлэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүгч, өмгөөлөгчидтэйгөө хариуцлага тооцоход энэ механизм үйлчлэх юм. Босоо тогтолцооноос болж, шүүгчдийн өөрийн нь хараат бус байдал алдагдаж байна. тойргийн системд оруулж ачааллыг зохицуулмаар байна. Тогтолцооны ухаалаг байдлыг бий болгож, иргэд, улс төрчдөд тайлбарлахад ойлгомжтой байлгая. Шүүх эрх мэдлийн шинэчлэл шүүхээс эхэлж байгаа ч энд хамрагдах бусад байгууллагыг хамруулах болно. Цагаатгах болон яллах тал эрх тэгш үг хэлдэг болмоор байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг задалмаар байна. Шүүгчид нэр дэвшүүлэхэд өмнө нь шүүсэн хэргүүд, шийдвэр дээр дүгнэлт хийдэг болъё гэсэн саналууд гарлаа.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан хааж үг хэлэхдээ уулзалт ярилцлага элэн далангүй, ажил хэрэгч байдалд болсныг дурдаад хүмүүсийн гаргасан санал хуулийн төслүүдийг боловсронгуй болгоход тус болно гэдгийг тэмдэглэв.