Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

С.Баярт баярлалаа

Улс төрийн нэг намын дарга ажлаа хүлээлгэж өгсний төлөө жирийн иргэн баярлаж бахдах ч илүүц байж магадгүй, ердийн тогтолцоотой нийгэмд. Харин олдсон ширээ сандал болгоныхоо булангаас үхэн хатан чаргууцалдаж байдаг Монголд өнөөдөр С.Баярын энэ шийдвэр  баярламаар  бас л нэг стандарт бус алхам болж байна.
  Магадгүй түүний хийсэн алхам болгон зөв байгаагүй байх их улстөрд. Хатуу коммунист зарчимтай, зах зээлийн эдийн засгийн ойлголтгүй, захиргаадах арга барилтай хэмээн хэвлэлийнхэн шүүмжлэхэд дуу нэмж явсан бид. С.Баярт  үнэхээр ч дээр дурдсан шиг дутагдлууд бүгд биш юмаа гэхэд зарим нь бий. Түүний Засгийн газар тэргүүлж байсан энэ он жилүүд амжилт, уналт хосолсон амаргүй үе байсан. Бүтэн зургаан жил ярихаас өөрөөр ахиагүй хөрөнгө оруулалтын гэрээний ард түүний хүчээр л гарсан монголчууд. Бас С.Баярыг засаг тэргүүлж байхад монголын төр таван иргэнийхээ аминд хүрсэн. Түүний Монголын төрийг тэргүүлж байх хугацаанд алдаа онооны аль  нь их гарч вэ гэдгийг түүх шүүнэ.
    Гэхдээ тэр Монголын улс төрд шинэ өнгө аяс, шинэ салхи оруулж ирсэн нь маргашгүй үнэн. Тэр хэлсэн үгэндээ хүрдэг. Тэр хэнээс, юунаас ч  үл хамааран өөрийнхөөрөө  шийдвэрийг гаргадаг. Тэр энэ удаад ч бас стандарт бус  байж, ёж инээд цухуйлгасхийгээд албаа хүлээлгэчихэв. Дөнгөж саяхан л  “Юу гэж дарга ажлаа өгөх вэ, энэ ёстой худлаа явууллага” хэмээн түүнд долигнож, таамаглаж бичсэн хэвлэл сонинтой “зодолдоод” байсан нөхдүүд бол үнэндээ “тойргийн” гадна байж.. Тэд “дарга солигдохгүй” хэмээн орилолдохдоо өөрсдийнхөө л хүслийг хэлснээс бус мэдээллээс хол хоцорч. С.Баяр өчигдрийн шийдвэрээрээ тэдгээр дагуулуудаасаа толгой илүү гэдгээ харууллаа. Магад тэр МАХН-ын түүхэнд анх удаа даргын албанаас,  Монголын түүхэнд анх удаа Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хүн биз. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаан буй ч энэ нь түүний шийдвэрийн утга учрыг бүдэгрүүлэхгүй юм.  
   Өнөөдрөөс эхлэн С.Баяр сул гишүүн болно. Өчигдөрхөн түүнийг дагаж далдагнагсад маргааш бараа туруугүй болно. Зөвхөн тэд ч бус түүний хүрээлэл бүхэлдээ өөрчлөгдөнө. Монголын улс төрд гай, гавъяаг шударгаар шүүдэггүй. Монголын улс төрд эрх мэдэл л хамгаас үнэтэй. С.Баяр үүнийг хэтэрхий сайн мэднэ. Тэр тусмаа түүний шийдвэр амаргүй байсан биз. Гэхдээ тэр чадсан. Өнөөдөр стандарт бус мэт боловч байх ёстой стандарт жишээ… С.Баярт баярлалаа.
А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж