МАХН-д жигүүр хэрэгтэй юү?

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

МАХН-д жигүүр хэрэгтэй юү?

Бага хурлаа хийж намын даргаа шинэчилсэн МАХН-ын дотор жигүүр байх хэрэгтэй эсэх талаар гишүүдийн байр суурь өөр өөр байна. Тэр бүү хэл жигүүрээс гаргасан мэдэгдэлд дарга нь гарын үсэг зураагүй гэсэн яриа тархав. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, МАХН-ын Уламжлал-шинэчлэл, Ардчилал шударга ёс жигүүрийн тэргүүн Ц.Даваасүрэн нараас тодрууллаа.

Ц.Нямдорж:  
-МАХН-ын жигүүр анх гарч ирэхдээ УИХ, засаг төр, намын ажлыг сайжруулъя гэхээсээ илүү цаад талдаа албан тушаалын шантаж явж байсан. Жигүүрт байсан хүмүүс бүгдээрээ толгой дараалан албан тушаал авсан. Тэгээд чимээгүй болсон. Өнөөдөр дахиад л гараад ирлээ.  МАХН-ын Удирдах зөвлөлийг огцруул гэсэн юм яриад явцгааж байна. Гайхалтай нь жигүүрийн дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болсон юм гэнэ лээ. Мэдэгдэлдээ Ц.Даваасүрэн гарын үсэг зуралгүй тээр тэнд байдаг нэг эмч авгайгаар гарын үсэг зуруулсан байна лээ. Би жигүүрийг татан буулгах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн МАХН-д биш Монголын төрд нүүрэлсэн нэг муухай албан тушаалын шантажийн хэрэгсэл болоод байна. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Харамсалтай нь албан тушаал өгөөд байгаа учраас улам гаараад хоёр дахь ээлж нь хоолонд орох гэж гарч ирээд байна. Төрд харш, намд харш үзэгдлийн хувьд ийм хүмүүсийг аль ч нам ялгаагүй эгнээнээсээ гаргаж улс төрийг цэвэр болгох хэрэгтэй. Шулуухан хэлье, жигүүрийг татан буулгах цаг болсон. Энэ бол Монголын улс төрд бугшсан муухай үзэгдэл. Зорилгодоо хүрэхгүй бол нам байгуулаад салаад явчихдаг. М.Энхсайхан Ардчилсан намаас тэгж гарсан биз дээ.

Ц.Даваасүрэн:
-Жигүүр мэдэгдэл гаргаж МАХН-ын дотоод асуудлаар санал бодлоо илэрхийлсэн. Гэхдээ намын дотоод асуудлаа бид дотроо л ярьдаг. Тийм жигүүр байх ёстой гэж үздэг. Мэдэгдлийг бид бүгдээрээ ярьж байж хамт олноороо гаргасан. Манай зохицуулах зөвлөл хуралдаад л шийдсэн асуудал. Манай намын дүрэмд Ерөнхий сайд намын даргаа хавсарч хийх заалт байдаг. Түүнийг хэрэгжүүлье гэсэн.МАХН их хурлаа дөрвөн жилд хоёр удаа хийх дүрэмтэй юм. Одоо бол сүүлийн их хурлаас хойш  гурав дахь жил нь өнгөрөөд явж байна. Үүнийг анхаараач гэж мэдэгдэлд тусгасан. Гадна болж байгаа үйл явдал, иргэддээ амласан амлалт ямар байна. Үүнийгээ дүгнэж их хурлаа хуралдуулах ёстой гэж үзсэн. Тийм агуулгаар мэдэгдэл гаргасан. Удирдах зөвлөлд анхаарах ёстой нэг асуудал бий. Түүний бүрэлдэхүүнд улс төрийн шийдвэр гаргагч УИХ-ын гишүүд юм уу намын бүлгийн төлөөлөл маш цөөн байна. Намын бүлэг нь Удирдах зөвлөлтэйгээ хамтын шийдвэр гаргах тал дээр учир дутагдал байна гэж үзсэн. Хуучин бол улс төрийн шийдвэр гаргагч төвшнийхөн Удирдах зөвлөлд дийлэнх байсан. Тиймээс маргаангүйгээр улс төрийн шийдвэрээ цаг алдалгүй гаргадаг байсан. Одоо тэгж чадахгүй байна л гэж мэдэгдэл гаргасан.
                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж