
Ардчилсан намаас сар бүрийн хоёрдахь долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй хийдэг “4:11” уулзалт өчигдөр тус намын шилэн байранд боллоо. Уулзалтад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар оролцсон юм. Энэ удаад намын дарга Н.Алтанхуяг оролцоогүй шалтгаан нь өвчтэй байгаа аж. Уулзалтын эхэнд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны сонгуулийн талаар товч мэдээлэл хийсэн. Тус намын ҮЗХ-ны суудалд цус сэлбэж, шинэ залуу боловсон хүчнүүдийг гаргаж ирэх үүднээс нийт суудлыг гуравны хоёрыг нь жил бүр шинэчлэн сонгууль хийдэг юм. Энэ удаад ҮЗХ-ны 76 суудлын төлөө өрсөлдсөнөөс 52 суудалд шинэ хүмүүс сонгогдсон байна. Тэдний 39 нь эрэгтэй 13 эмэгтэй аж. Ингэснээр ҮЗХ-д эмэгтэйчүүд багагүй хувийг эзлэх болжээ. Үлдсэн арван суудлын хувьд Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Дархан-Уул аймагт маргаантай байгаа учраас хараахан эзэд нь тодроогүй байна.Харин Гүйцэтгэх зөвлөл нь 33 гишүүнтэйгээс УИХ-ын гишүүн ес, Засгийн газрын гишүүн сайд хоёр, дэд сайд гурав байгаа бол 11 гишүүн дахин, 12 гишүүн шинээр сонгогдоод байна. Товч мэдээллийн дараа уулзалтад ирсэн АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нийслэлийн Баянгол дүүрэгт болсон ҮЗХ-ны сонгууль багагүй маргаан будлиан дагууллаа гэсэн. Хэрхэн дүгнэж байна вэ?
С.Эрдэнэ:
-ҮЗХ-ны сонгууль явагддаг уламжлалаараа болж албан ёсоор дууссан. Нийслэлийн Баянгол дүүрэгт болсон ҮЗХ-ны сонгуулиар маргаан будлиантаагүй. Улс төрийн зорилгоор гэх үү зарим хэвлэлд янз бүрийн мэдээлэл гарсан. Энэ удаагийн сонгуулиар ҮЗХ-ноос Х.Тэмүүжин, Гүйцэтгэх зөвлөлөөс Х.Баттулга нар хасагдсанд гайхах зүйлгүй. Х.Баттулга сайдын хувьд заавал Гүйцэтгэх зөвлөлд орох шаардлага байхгүй. Хамтарсан Засгийн газарт орсон сайд нартаа Гүйцэтгэх зөвлөл хяналт тавьж шахаж шаардаж ажиллах нь зөв гэж боддог. Засгийн газарт ажиллаж байгаа хүн Гүйцэтгэх зөвлөлд байх нь жаахан тохиромжгүй.
-Д.Эрдэнэбат даргаа, та Баянгол дүүргийн ҮЗХ-ны суудалд яагаад өрсөлдсөн бэ. Шалтгаан юу байв?
Д.Эрдэнэбат:
-Би нийслэлийн Багануур дүүргээс ҮЗХ-нд төлөөлөгчөөр арван жил тасралтгүй сонгогдсон. Сүүлдээ намынхаа удирдах албан тушаалд сонгогдлоо. Ганц суудалтай дүүргээс олон жил дараалан ҮЗХ-д суугаад яах вэ гээд санал гаргасан. Ингээд нийслэлийн Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр болсон. Намын удирдлагууд ч дэмжсэн. Баянгол дүүргийн ҮЗХ-д чөлөөтэй хоёр суудал байсан юм . Дөрвөн суудлын төлөө зургаан хүн өрсөлдсөн шүү дээ. Түүнээс биш би намынхаа аль нэгэн холбоог төлөөлж очоод Х.Тэмжүүжинг ч юм уу татаж унагаасан зүйл байхгүй. Удирдлагын хувьд ч энэ нь зохимжгүй.
-Нийслэлийн зарим дүүргийн АН-ынхан хоёр хуваагдан тамга тэмдгээ булаалцалдсан. Хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
С.Эрдэнэ:
-Манай намын дүрмээр нийслэл, аймгийн намын хороод бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн намын байгууллагуудын дотоод асуудалд нийслэлийн АН-ын зүгээс оролцох боломжгүй. Иймэрхүү маргаантай асуудалд эцсийн цэгийг намын Хяналтын ерөнхий хороо л тавьдаг гэв. Тус намын ҮЗХ-ны сонгуулийн маргаан гарсан гурван дүүрэг, нэг аймагт гарсан маргааныг Хяналтын зөвлөл энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх юм. “Хяналтын зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр” гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Л.ХАЛИУ