БНСУ-ын Данжин хотноо энэ сарын 7-11-ний хооронд болох Ази тивийн олс таталтын аварга шалгаруулах YIII тэмцээнд оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.
Олс таталтын спорт 1900-1920 оны олимпийн хөтөлбөрт таван удаа орсон ч тухайн үед олс таталтын төрөлд олон тамирчин оролцдоггүй гэсэн шалтгаанаар олимпийн хөтөлбөрөөс хасч байсан бөгөөд түүнээс хойш олс таталтын спорт нэг хэсэгтээ зогсонги байдалд оржээ. Харин 1960 онд Их Британи, Шведийн үндэсний олимпийн холбооны санаачлагаар олон улсын олс таталтын холбоо байгуулагдсанаар олс таталтын төрлийг эрчимтэй хөгжүүлж ирсэн байна. Ази тивийн олс таталтын аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд 2006 онд Японы Оттовара хотод болсон тэмцээнээс эрэгтэйчүүдийн 600 кг-ийн жинд “Аварга” дээд сургуулийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байсан юм.
Ц. Хишиг