Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих, гэр бүл болох, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах явдал нэмэгдэж тэдгээрийн хооронд иргэний болон худалдааны хэрэг, маргаанууд цөөнгүй гарч байгаа аж. Эдгээр асуудлыг зохицуулах зорилгоор хоёр тал Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээг 2008 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан байна.
Энэхүү Гэрээ нь 30 зүйлтэй бөгөөд хоёр улсын шүүхийн байгууллагуудаар дамжуулан иргэний болон худалдааны хэргийн талаарх аливаа баримт бичгийг иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд гардуулах, шаардлагатай мэдээлэл солилцох, дипломат байгууллагаар дамжуулан нотлох баримтыг цуглуулах, эрх зүйн туслалцааг үзүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардал, гэрч, шинжээч нараас мэдүүлэг нотолгоо гаргуулах зэрэг асуудлыг зохицуулсан аж.
Гэрээг Монгол Улсын Их Хурал 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр, БНСУ-ын Үндэсний Ассамблей 2009 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тус тус соёрхон баталсан байна.
Тиймээс Гадаад харилцааны яамны ГЭЗГ-ын захирал Ч.Баттөмөр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Чонг Ил нар Гэрээний Батламж жуух бичгийг ГХЯ-нд солилцож, протоколд гарын үсэг зурав.
Энэхүү Гэрээ нь Батламж жуух бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу ирэх 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.
Г.ДАРЬ
Холбоотой мэдээ