Ховдын Булган сумын сургуулийн захирлыг ажлаас нь халлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Ховдын Булган сумын сургуулийн захирлыг ажлаас нь халлаа

Өнгөрсөн сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 160 гаруй хүүхэд хоолны хордлого авч,зарим нь сэхээнд хүртэл орсон. Улсын онцгой байдлын комисс болон БСШУЯ, ЭМЯ хамтран яаралтай арга хэмжээ авсны үр дүнд хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан. Саяхан Улсын онцгой байдлын комиссоос томилогдон ажилласан ажлын хэсгийн болон БСШУ-ны сайдын ажлын хэсгийн дүгнэлтүүд тус тус  гарсан байна. Тэрчлэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр тус сумын сургуулийн  сурагчдын үдийн цайнд өгсөн хүнсний бүтээгдэхүүнээс химийн нитрит хэмээх бодис илэрсэн нь тогтоогджээ. Эдгээр дүгнэлтийг үндэслэн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авах  албан даалгаврыг Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад хүргүүлжээ.
Хариуцлагагүй ажилласан тус сургуулийн захирлыг хуулийн дагуу ажлаас нь халах, сумын Засаг дарга болон сургалтын байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангалтгүй зохион байгуулсан, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй Боловсрол, соёлын газрын дарга болон холбогдох албан тушаалтнуудад ч давхар хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.
Цаашид боловсролын тухай хууль болон ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, хяналт тавих ажилд мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоог хангах, зөвлөн туслах болон хянан шалгах ажлын графикт хуваарийн мөрдөлт, үр дүнг сайжруулах, үдийн цай хөтөлбөрийн нийлүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулахад эцэг эх, олон нийтийг нээлттэй оролцуулах, орон нутгийн онцлогт нийцүүлэн сумдад хүнсний аюулгүй байдал, хангамжийн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. Албан даалгаврын хэрэгжилтийн талаарх тайланг БСШУЯ-нд ирэх сарын нэгний дотор ирүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгажээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж