Долоон хүн өлсгөлөн зарлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Долоон хүн өлсгөлөн зарлахаар боллоо

УИХ-ыг тарахыг шаардсан Ард түмний амлалт нэхэх холбооны шаардлагын хариуг яг одоо өгч байна. Шаардлагын хариуг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар өглөө. УИХ-ын хариултыг Ө.Энхтүвшин уншиж танилцуулсан юм. Шаардлагын хариултад Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн дагуу УИХ огцрох үндэслэлгүй гэж үзжээ. Харин энэхүү хариултыг сонссон Ард түмний амлалт нэхэх холбооныхон дахин шаардлага гардууллаа. Энэхүү шаардлагад УИХ бүрэн эрхийнхээ дагуу ард түмний дунд санал асуулга явуулахыг шаарджээ. Ард түмний дунд санал асуулга явуулах шийдвэрийг гаргатал Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, Л.Цог, Д.Нинж, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн н.Ганбаатар зэрэг долоон хүн өлсгөлөн зарлах гэнэ. Тэд өөрсөдтэй нь нэгдэж өлсгөлөн зарласан хүмүүсийг хориглохгүй гэнэ. Тэдний шаардлагыг УИХ-ын гишүүдэд дамжуулахаар боллоо. Тэд яг хэзээнээс эхлэн өлсгөлөн зарлах эсэх нь тодорхойгүй байна. Өлсгөлөн зарлагчид тун удахгүй Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийж энэ тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. Сүүлд ирсэн мэдээгээр Орхон аймгаас 11 хүн энэ өлсгөлөнд нэгдэхээр ирсэн байна. Ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа хүний тоо 18 боллоо.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж