“Их дуулга”-ын дөрвөн цувралын нэг болох “Уимбльдон” тэмцээний есөн удаагийн аварга АНУ-ын теннисчин Мартина Навратилова хөхний хоргүй хавдраар өвчилсөн тухайгаа олон нийтэд дэлгэжээ. Тэрбээр хөхний булчирхайн хавдрыг авах мэс засалд орж, хавдраа авахуулсан бөгөөд өдгөөө биеийн байдал хэвийн, цаашид цацраг туяаны эмчилгээ хийлгэх гэнэ. Навратилова CNN-ийн Ларри Кингийн ток шоунд оролцох үеэрээ хавдар туссан тухайгаа ярьсан бөгөөд “Би бүрэн эдгэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа” гэжээ. Түүний хэлснээр хөхний хавдар 95 хувийн эдгэрэх магадлалтай ба зарим эмнэлгийн салбарын эх сурвалжийн мэдээгээр үүнээс ч илүү, 100 хувь бүрэн эдгэрэх боломжтой байдаг гэнэ. Өдгөө 53 настай Навратилова сүүлийн хэдэн жилийн турш маммограм буюу хөхний булчирхайн шинжилгээнд хамрагдаагүй гэдгээ хэлээд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг цаг алдалгүй тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөжээ.
Мартина Навратилова Чехословакт төрж өссөн бөгөөд 1981 онд АНУ-ын иргэн болсоор өдгөө Чех болон АНУ-ын давхар иргэншилтэй ажээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 18 удаа “Их дуулга”-ын цом хүртсэнээс гадна эмэгтэйчүүдийн хосын төрөлд 31, холимог хосын төрөлд 10 удаа “Их дуулга”-ын цомд түрүүлж байсан домогт тамирчин юм. Тэрбээр мөн “Уимбльдон” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 12 удаа финалдаж, 1982-1990 оны хооронд есөн удаа дараалан түрүүлж, түүхэн амжилтын эзэн болжээ. Навратилова хамгийн сүүлд 2006 оны “Уимбльдон”-д оролцсон байна. Тэрбээр өдгөө ч талбайн теннис тоглож байгаа ба давхар триатлоны спортоор хичээллэдэг ажээ.
С.Цэлмэг