Хятад юаниа рубль, вон, рингитээр арилжахыг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хятад юаниа рубль, вон, рингитээр арилжахыг зөвшөөрлөө

Хятад улс юаниа Оросын рубль, Өмнөд Солонгосын вон, Малайзын рингитээр арилжаалахыг зөвшөөрлөө гэж Хятадын Гадаад валютын худалдааны системийн ажилтан Bloomberg-д мэдээллээ.

Хятадын Ардын Банк цаашид шинэ валютын хослол байж болох хувилбаруудыг судалж байна. Худалдаачид одоо олон улсын санхүүгийн зах зээл дээр юанийг америк доллар, евро, Японы иен, Гонгконгийн доллар, Британийн паундтай харьцуулан худалдаалах боломжтой байгаа. Энэ шийдвэр нь юанийг олон улсын валют болгох чиглэлд хийж байгаа дараагийн алхам юм. Ингэснээр гадаадын компаниуд юанийг илүү хямдаар худалдан авч, арилжаалах боломжтой болно.

“Хятад улс АНУ-ын доллараас хамааралтай байхаа багасгана” гэж өнгөрсөн сард Хятад мэдэгдсэн. Өнгөрсөн оны долдугаар сараас Хятадын Засгийн газар Шанхай болон Гуандонг мужийн өөр дөрвөн хотыг Хятад, Макаотой хийх худалдаандаа юань ашиглахыг зөвшөөрсөн.

Ирэх долоо хоногт Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао АНУ-гийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзах бөгөөд энэ үеэр Хятадын юань 21 сарын турш АНУ-ын доллартай ханшаар уялдаатай байгаа асуудлыг хэлэлцэх бөгөөд АНУ энэ асуудлаар Хятадад шахалт үзүүлэх байр суурьтай байгаа. Доллартай харьцах юаний ханш 2008 оны долдугаар сараас хойш 6.83 байгаа юм.

АНУ-ын Санхүүгийн департаментын нарийн бичгийн дарга Timothy F.Geithner гадаад валютийн шинжилгээ, бодлогын тайлангаа дөрөвдүгээр сарын 15-нд гаргах гэж байсныгаа хойшлуулж байгаагаа зарласан. Тус тайланд Хятад улсыг гадаад валютын панзчин гэж ангилж болзошгүй байсан юм. “Ирэх гурван сард болох уулзалтуудын үеэр улс орнуудын бодлогод өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засгийн баланс хэвийн болж магадгүй” гэж найдаж байгаагаа тэр илэрхийлсэн.

Хятадын юаний ханш чангарч магадгүй гэсэн тооцооллын улмаас юаний арилжаа сүүлийн үед их хийгдэж байгаа бөгөөд энэ оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн санхүүгийн зах зээл дээр долоон тэрбум юань арилжаалагдсан байна. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн жилийн хоёрдугаар хагаст 3.6 тэрбум юань зарагдаж байсан юм. Хятадын юань дэлхийн гол валютуудын нэг болоход 15-20 жил шаардлагатай гэж зарим шинжээчид үзэж байна. Хятадын гадаад валютын нөөцийн зориулалтаар худалдан авч байгаа ам.долларын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар Хятад улс 2.4 триллион ам.долларын нөөцтэй байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Хятадын хөрөнгө оруулагчид АНУ-ын санхүүгийн зах зээл дээр 889 тэрбум ам.долларын үнэт цаас эзэмшиж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж