АНУ-ын нисэхийн хоёр том компани нэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын нисэхийн хоёр том компани нэгдэж магадгүй

АНУ-ын нисэхийн хоёр том компани болох “United”, “US Airways” нар нэгдэж магадгүй байна. Тус компаниуд өнгөрсөн хоёр долоо хоногийн турш гүнзгий яриа хэлэлцээ хийсэн хэдий ч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Эдийн засгийн хямрал болж, түлшний үнэ өсч нисэх салбарын хямралыг гүнзгийрүүлсэнтэй холбоотойгоор нисэх салбарын компаниуд хоорондоо нэгдэх явдал сүүлийн үед их байгаа.

Энэ мэдээллийн талаар хоёр компанийн хэвлэлийн төлөөлөгчид тайлбар хийгээгүй байна. Дээрх хоёр компанийн нэгдэх гэж байгаа тухай мэдээлэл “New York Times”, “Washington Post” сонингуудад гарснаас хойш хувьцаануудынх нь үнэ огцом өссөн. “US Airways”–ын хувьцаа 20 хувь буюу 1.53 ам.доллараар өсөж 8.17 ам.доллар болсон бол “United”-ын эцэг компани “UAL Corporation”-ы хувьцаа найман хувь буюу 1.53 ам.доллараар өсөж 20.48 ам.доллар болсон. Тус хоёр компани нэгдвэл АНУ-ын хоёр дахь том компани болох бөгөөд одоогоор хамгийн том компани нь “Delta Air Lines” гэж тооцогдож байгаа. Олон улсын агаарын тээврийн холбооноос энэ жил дэлхийн нисэх компаниудын нийт алдагдал 2.8 тэрбум ам.доллар байх болно, түүнээс Европ, АНУ-ын нисэх компаниудад хямрал хамгийн хүнд тусах болно гэж тооцоолж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж