Хятадын хакерууд Далай лам болон Энэтхэгийн нууцыг хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хятадын хакерууд Далай лам болон Энэтхэгийн нууцыг хулгайлжээ

Олон улсад “сүүдрийн сүлжээ” гэж нэрлэгдсэн Хятадын хакерууд Энэтхэгийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, Далай ламын 1500 гаруй мейл болон бусад чухал мэдээллүүдийг хулгайлсан байна гэж “Associated Press” агентлаг мэдээллээ. Торонтогийн Их сургуулийн судлаачид хакеруудын нэвтрэх үйл ажиллагааг илрүүлэн хойноос нь мөшгөөд кибер халдлага Хятадын Ченгду хотод байрлаж байсныг олсон байна. Хятадын хакеруудын үйл ажиллагааг тэд сүүлийн найман сар хянаж мөшгөж байгаа юм байна.

Энэ үйл ажиллагаанд Хятадын Засгийн газар холбоотой гэх баримт байхгүй байгаа ч Хятад үүнд холбоогүй гэж мэдэгдсэн байна. Энэ оны эхээр аюулгүй байдлын шинжээчид Хятадад байрлалтай компьютерүүдээс “Google” болон бусад компанийн компьютерууд руу нэвтэрснийг илрүүлсэн. “Ийм асуудал гарч байгаа тухай мэдээг бид сүүлийн үед олноор сонсож байна. Яагаад ийм асуудлууд гаргаж тавиад байгааг би мэдэхгүй байна. Бид интернетээр хууль бус үйлдэл хийхийг эсэргүүцдэг” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөлгч Жианг Ю энэ асуудлын талаар хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.

Торонтогын их сургуулийн шинжээчдийн гаргасан тайланд хакерууд Кабул, Москва болон өөр газрууд дахь Энэтхэгийн дипломат албадын компьютерт нэвтэрч хууль бусаар мэдээлэл авсан тухай  дурдсан. “Нууц”, “маш нууц” гэсэн тодорхойлолттой мэдээллүүдэд Энэтхэгийн хойд хилийн тухай мэдээлэл, Энэтхэгийн ойрх дорнод, африк, Оростой харилцах харилцааны тухай мэдээллүүд байсан байна. Шинжээчид Далай ламын албанаас 2009 оны нэгээс арван нэгэн сарын хооронд явуулсан мейлнүүдийг сэргээж чадсан. Хятадын хакерууд Австрал, Антарктидаас бусад бараг бүх газрын компьютерт нэвтэрсэн бөгөөд хакеруудын хяналтыг нь авсан компьютеруудын нэг нь НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын компьютер байсан. Эдгээр үйлдлийн цаана ямар хүмүүс байсан, ямар зорилготой хийгдсэн нь тодорхойгүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж