IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар гурвантаа шалгарч байсан ОХУ-ын амьд домог Елена Исинбаева тулгуурт харайлтын спортын түүхэнд тасралтгүй өндөр амжилт гаргаж байсан ч хоёр дахь удаагаа томоохон уралдаан, тэмцээнд тааруухан амжилттай оролцож, улмаар хэсэг хугацаанд их спортоо орхих талаар ам алдсан билээ. Өнгөрөгч гуравдугаар сарын дундуур Катарын нийслэл Доха хотноо зохиогдсон хөнгөн атлетикийн заалны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн олимпийн хошой аварга Исинбаева 4.60 метр дээгүүр амжилттай харайж, улмаар 4.75 метр дээгүүр харайхаар оролдсон боловч гурван удаа бүтэлгүйтэж, улмаар медальгүй хоцорсон учир тааруухан амжилт гаргасандаа ихэд эмзэглэж, хэсэг хугацаанд амралт авах цаг нь болсон гэдгээ ч илэрхийлсэн юм. Харин тэрбээр саяхан мэдэгдэл хийж, тавдугаар сарын 14-нд Доха хотноо эхлэх IAAF-ын “Эрдэнийн лиг” /Diamond league/-ийн эхний цувралд оролцоно гэдгээ мэдэгдлээ. Сүүлийн хэдэн жилийн турш тулгуурт харайлтын төрөлд ноёрхож, эзэн нь байсан 27 настай Исинбаевагаас гадна Асафа Павелл, Кенениса Бекеле, Саня Ричардс нарын хөнгөн атлетикийн спортын алдартнууд “Эрдэнийн лиг”-т өрсөлдөхөө мэдэгдээд байна. Дашрамд сануулахад, 1988 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн нэг сая ам.долларын шагналын сантай IAAF-ын “Алтан лиг” цуврал тэмцээн энэ жилээс эхлэн “Эрдэнийн лиг” нэрийн дор зохион байгуулагдах болсон билээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг