
Оюутолгойн ордын 34 хувийг Монголын Засгийн газар, үлдсэнийг “Айвенхоу Майнз” эзэмшиж байгаа юм. “Төслийн хэрэгжилтэд оролцохыг хүсэгч хэн нэгэн “Айвенхоу Майнз”-ийн хувь нийлүүлэгч хэлбэрээр оролцох замыг бид сонгохыг хүсч байна” хэмээн Фрийдланд хэлсэн байна. БНХАУ-ын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн “Чайналко” компани “Айвенхоу Майнз”-ийн хувьцааг худалдан авах гэж байгаа тухай мэдээллийн талаарх асуултад Фрийдланд “уул уурхайн ямар ч компани аль болох боломжит хувилбаруудыг хайж байгаа, гэхдээ бид тухайлсан нэг компанийн сонирхлын талаар тайлбар хэлж чадахгүй” хэмээн хариулжээ.
Оюутолгой бол том төсөл учраас үүнд оролцох техник, эдийн засгийн хүчин чадал бүхий гуравхан компани бий гээд үүнд “Рио Тинто”, “Коделко”, “Фрийпорт-МкМоран Коппер энд Гоулд” гэсэн компанийг Фрийдланд нэрлэсэн байна.
Оюутолгой төслийн энэ жилийн санхүүжилтэд Айвенхоу Майнз компани 758 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Оюутолгой төсөл хэрэгжсэнээр Монголын алтны олборлолт 300 хувиар өсөх юм.
Н.ТУЯА